Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсныг албаны эх сурвалж мэдэгдэв. Тиймээс Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутгаар дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомт нэлээд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах хэрэгтэй юм. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж эхэлжээ.