Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойгоос иргэн бүрт олгосон 1072 хувьцааны асуудлыг оруулсан боловч хурлын дараа хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэдийгээр Д.Сумъяабазар сайд уг асуудлыг танилцуулсан ч гуравдугаар сарын 14-ны хурлаар оруулж ир гээд гаргасан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд хуралдсан ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн ч шийд гараагүй аж.
Д.Сумъяабазар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэх ажлыг даалгах ёстой. Үүний дараа энгийн хувьцаа хэдийг гаргах уу, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах уу гээд илүү нарийн зүйлсээ тодорхой болгоно. Тавантолгойн хувьцааг тодорхой хугацаанд арилжихгүй байх, Монгол улсын иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг байх системийг бий болгох ёстой. 1072 хувьцааг зарах юм бол гадны болон дотоодын янз бүрийн улсууд тойрч очоод хамаад авч мэднэ. Яг ягаан тасалбар болно шүү” гэж байсан.
Түүний ярилцлагаас 1072 хувьцааг эхний ээлжинд баталгаажуулахаас ажлаа эхлэх ёстой. Цаашлаад Баялгийн сангийн тухай хуулиа батлаад олон улсын зах зээл дээр Эрдэнэс Монголын, Эрдэнэс Тавантолгой гэх мэтээр ордуудынхаа хувьцааг гарган эргэлтэд оруулах тухай цухалзаж байсан. Гэвч Засгийн газрын гишүүд буюу МАН-ын өнөөгийн эрх баригчид гацаагаад байгаа нь ямар учиртай хэний эрх ашиг хөндөгдөөд байна вэ гэх асуулт урган гарч байна.
Иргэн би машины гэрчилгээтэй мөн унаад явдаг машинтай. Тэгвэл иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай гэж дарга сайд нар л хэлээд байгаа болохоос машин шиг бидэнд гар дээр үзүүлэх эд хөрөнгийн бүртгэл, баримт баталгаа алга. Иргэн бүр 1072 хувьцаатай гэх үгсээс өөр бодит зүйл бидэнд алга. Бид хэдий болтол цонхны цаанаас чихэр долоох вэ.
Ер нь бол баталгаажуулах нь битгий хэл, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэхгүй байгаа нь ч анхаарал татаж байна. Уг нь МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт “Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно” гээд тов тодорхой заачихсан байгаа.
Гэтэл хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын танилцуулсан гэх 1072 хувьцааг амь оруулах асуудлыг алх цохилгүй гаргасаар галт тэрэг хөдөлгөхөөс хойшоо суусаар. Сураг сонсох нь ээ “ахиад танилцуул” гэсэн үгээр эл асуудлыг хойш татсаар байгаа гэнэ.
“Иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр боллоо” гэсэн үгийг сонсоод хэдэн жил өнгөрлөө. Монголчуудын баялаг стратегийн орд газруудыг нэг саванд багтаан “Эрдэнэс Монгол” хэмээх компани байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Энэ байгууллага яг юу хийдэг талаар гэхээсээ илүү үйлчлэгчээсээ эхлээд том дарга хүртлээ монголд байхгүй олон сая төгрөгийн цалин авч гоё оффист суудгаас өөрөөр ийм тийм ажил хийчихлээ гэж сонсогдож байгаагүй юм байна.
Эцэст нь хэлэхэд 1072 хувьцааг эзэмшүүллээ гэхээсээ илүү гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр хэмжээний баримтжуулж, баталгаажуулж өгөхийг Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд уламжлая.
sain bnu 1063 bn 9 yasiin boloo eejiih maani 850 bn ymar uchirtai ym boloo erdoosoo mongo avch bgagui haana handah ve