Хайрын соронз /тууж-3/

2018 оны 02-р сарын 28 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

Энэ мөчид өвөө нь амьд сэрүүн дэргэд нь байгаа юм шиг санагджээ. Олдох бүр өөрийн эрхгүй ойр тойрноо сэм ажиж, харц гүйлгээд авав. Тэгтэл:

-Миний хүү, нааш ир … хэмээн өвөөгийнх нь дуу гарах шиг болжээ. Тэрбээр дахиад  харц бэлчээн, ном хурж буй лам нарыг нэгд нэгэнгүй харж зогслоо. Эгнэн суусан лам нарын эхэнд суух цайвар шар царайтай, ид дунд насны лам нүдээ анин, аргил бүдүүн хоолойгоор уянгалуулан ном унших авч, яагаад  ч юм Олдохыг “Нааш ир… Нааш ир…” гээд байх шиг санагджээ. Хүү шууд очоод өмнө нь сөхрөн сууж, хоёр алгаа хавсран залбирав.

       Хүнгэнэх дуу нь түүний чихэнд улам тод, сайхан сонсогдож, нүдээ нээгээгүй атлаа ламтан гартаа барьсан том мөнгөн Очироороо гурвантаа адис хүртээлээ.

“Миний ганц охины хүү байгаа юм. Эх нь хорвоог орхисон ч хүү нь үлдсэн болохоор өвөө нь зээдээ “Олдох” гэж нэр хайрласан юм. Миний хүү элбэг дэлбэг, их зөв, сайн явдаг юм шүү. Өвөө нь амьд байж хүүгээ 13 нас хүрэхийг үзвэл лам болгоно. Миний хүү чинь манай аавын сүнсийг авч ирсэн. Ирэхдээ бүр багшийнх нь тавьсан тэмдгийг авч төрсөн буян, заяатай хүү байгаа юм. Миний хүүгийн   мэнгэ тод, ер бусын ид оршоож ирсэн болохоор сэвтэх бузартах нь их. Энийг л хааж, сайн арчилж, хүүг минь   ариун өсгөж, өндийлгөж чадвал зам мөр нь сайн, алзахгүй… Өвөөгийн нь тамир муудаад… “ Олдохын чихэнд олон жилийн өмнө хэлж байсан өвөөгийнх нь үг яг тэр чигээрээ дахин бүр тодоос тод сонсогджээ. Жаахан байсан болохоор юугаа ч мэдэхгүй өвөөгийнхөө  өвөр дээр сууж байхад толгойг нь байн байн үнэрлээд, жигтэйхэн сул дорой дуугаар яг ингэж хэлж байсныг Олдох сайн мэднэ. Суугаагаараа шахам ухарсаар ном уншиж буй лам нараас холдож, хийдийн баруун урд буланд очиж зогссон Олдох “Өвөөгийн дуу мөн байсан” хэмээн бодоод, ийш тийш харлаа. Гарах гэснээ больж, өвөөгийнхөө зургийг харж, амандаа тарни тоолон нэлээд удаан зогсов. Нэг их сайхан зүүд зүүдлээд байснаа мэдэж байвч яг юун тухай зүүдэлснээ өглөө босоод санаагүй билээ. Гэтэл яг энэ мөчид түүний санаанд шөнийн зүүд нь дурайтал орж иржээ. Зүүдэндээ өвөөтэйгөө уулзсанаа санасан Олдох чихэндээ сонсогдсон бүхнийг “Зүүдний үргэлжлэл байж таарлаа” хэмээн өөрийнхөөрөө тайлав. Тэндээсээ гарч, замаараа дэлгүүр орж, жимс, ундаа бас нөгөө хоёрынхоо хамгийн дуртай зайрмагийг аваад гэртээ очсон байна. Тэр гурав “Итгэл” төвөөс өрх тусгаарлаад    орон сууцны 00-ын өрөөнд товхиноод, амьдрах орчин нь хамаагүй сайжирсан үе байлаа. Олдохыг орж ирэхэд нөгөө хоёр нь хүлээж ядсан янзтай зогсоцгоож байж. Тэгснээ:

-Төрсөн өдрийн баяр хүргэе…гээд том, жижиг хоёр бамбарууш бэлэглэжээ…     Бамбаруушныхаа доод талд нөгөө хоёрынх нь нэр, гарын үсэг байгааг Олдох бүр сүүлд анзаарсан гэдэг. Тэгээд бамбаруушнуудаа “Цоохондой”, “Хэн бэ”  гэж өхөөрдөн нэрлэсэн нь түүний үерхэл нөхөрлөлөө дээдлэн нандигнадгийг илтгэх.

                                ***              ***              ***             ***             ***

    … Тэд нэг жил гаруйхан хугацаанд бие дааж энд амьдрахдаа өөр өөрийн чадлаар ажил хийж, хувцас, хоолоо хэнээс ч царайчлахгүй, хэний ч гар харалгүй зохицуулдаг болов. Олдох ноос, ноолуурын ченжүүдийг бараадаж ачааг зөөх, ачих, савлах гээд туслах ажил хийгээд подхийсэн мөнгө олдог байж. Хэнчбиш зах дээр тэрэг түрнэ. Цоохор Төмөр замын буудал хавьд мөн ачаа зөөнө, буулгана. Гурвуул гараа хөдөлгөж ийн амьдралын төлөө зүтгэж явахдаа айл болж товхинох тухай бодол сэлгэсэн нь яах аргагүй жам ёсны хууль билээ л…

…Дахин нэг орой мартагдашгүй атлаа тухайн үедээ сэтгэлийн хүндхэн сорилтонд оруулав.

-Одоо гурвуулаа ганц ганцаараа бие дааж амьдаръя. Ямар насаараа цуг амьдрах биш. Ингээд яваад байвал бидний энэ бөндгөрүүд яг нэг хэвэнд цутгасан юм шиг болох шинжтэй. Тэгэхээр амьдралын сорилтонд бор зүрхээрээ орж үзье…

  Харин хэзээ ч, ямар ч үед хэн нь яаж явлаа ч гэсэн бие биедээ тус дэм болж явах ёстойг мартаж болохгүй, тийм үү?

  Хоолоо идчихээд кино үзэж байснаа Олдох гэнэт:

-За, наашаа сууцгаа. Надад нэг санал байна… гээд ингэж хэлсэнд нөгөө хоёр нь бүр балмагдаж орхижээ.

  Хэн нь ч дуугарсангүй, хэсэг сууцгаав. Тэгтэл Хэнчбиш “Энэ одоо юу бодож ингэж хэлж байгаа юм бол. Өөрийгөө ноос, ноолуурны том наймаачин болчихсон гэж андуурч байгаа юм биш байгаа…”гэсэн таагүй бодлоо нуух гэж ядан:

-Болохгүй юм байхгүй. Хэн нь түрүүлж баяжихаа үзье. Одоо ч мөнгөтэй нь амьдардаг цаг даа.. хэмээн тоомжиргүйхэн хэлэээд авч. Харин Цоохор ганц үг ганхийсэнгүй. Олдох, тэр хоёр харцаараа бараг амьсгалаараа ойлголцоод сурчихсан болохоор саналыг дэмжиж байна гэдгээ зөвхөн нүдээрээ илэрхийлж суужээ.

   Ингээд хоёр хоногийн дараа буюу Олдохын товлосноор билигт сайн өдөр тэр гурав салах ёслол хийв. Ингэж арав шахам жил нэг дор хамт амьдарсан гурван залуу хэдэн хувцсаа цүнхэлж аваад гарцгаасан байх юм… Түүнээс хойш гурван жил өнгөрчээ…

                                         ***          ***              ***               ***      ***

      … Олдох ажил хайж яваад, хэдэн хятадтай танилцжээ. Тэгээд  малын түүхий эд цуглуулах, ачиж, буулгах ажлыг голох биш харин ч олзуурхаад хамтран ажиллахаар болсон байна.  Ажилд сайн, итгэлтэй гээд түүний сайхан чанар нь санаа нь гүйцэгдэхгүй хэмээн дэлхийд цоллогддог хөршийнхөнд ч таалагджээ.Тэрбээр мөнгөгүйн зовлонг амссангүй. Өөрийн хөлс, хүчээр овоо хэдэн төгрөгтэй болсон үедээ Ангирмаатай учирсан…

          Хятадуудад барааг нь ачиж өгч, шилнийх нь хонхорхойг харчихаад Олдох хэдэн найзтайгаа хоолонд оржээ. Хоолны дараа хэдэн лааз шар айраг ууцгаагаад гарахад их хотын гудамж өнгө өнгийн гэрлээр сүлэлдэн амгалан шөнийг угтахад бэлэн болсон байв. Оройг хамт өнгөрүүлсэн нөхдөө үдсэн Олдох таксинд сууж “Улаанбаатар” зочид буудлын үүдэнд очоод хэн нэгэнтэй утсаар ярилаа.

-Би ирлээ…

-Цаг барьж сурсан их эд шүү, чи… Одоохон…

-Удаан хүлээлгэхгүй юм байгаа биз дээ?

-Үгүй, үгүй. Чиний захиалга ирсэн эсэхийг лавлаадахъя.

-Би таксинд сууж байна… Олдох ингэж яриад жолооч залууд хандан:

-Найз аа, хэдхэн минут хүлээчих. Хүлээлгийн мөнгө хөлсөнд санаа зоволтгүй. Эрчүүд юугаа нуух вэ. Эндээс нэг үнэт “эдлэл” аваад, очих газраа хүргүүлнэ гэв. Тэгтэл ч түүний утсанд дуудлага ирж:

-Оогий, чиний захиалга бэлэн. Хамгийн баруун талд байгаа жижиг цагаан машин дотор сууж байгаа гэхэд:

-Би тэгээд тэр машин руу очих хэрэг үү… хэмээн дурамжхан дуугарлаа.

-Чи сууж байгаа машиныхаа дугаарыг хэлчих.

   Жолооч залуу машинаа асааж, түүний хэлсний дагуу цагаан өнгийн “Тоёота” маркийн машины хаалганд дадмаг гэгч нь тулж зогслоо. Нисч, буудгаар нь биш өнгөлөг, хөөрхнийг эрвээхэйтэй зүйрлэхгүй байхын аргагүй зэгзийсэн цагаан хүүхэн машинаас цухуйхад Олдох өөрийн талын хаалгыг яаран онгойлгож өгөв.       Жолооч  Олдохын шивнэх шахам хэлсэн тохилог сайхан зочид буудлын зүг эргэж давхилаа.

     Зочид буудлын үйлчлэгчид урьдчилан хэлсэн бололтой түүнийг орж очиход үйлчлэгч нь шууд өрөөний дугаарыг хэлж өгчээ. Хаалга нь түгжээгүй  тэр өрөөнд оронгуут том ширээ, түүний хоёр талд тавьсан эртний маяг, хийц бүхий матмал модон сандал тавьжээ. Ширээн дээрх тавганд жимс алаглуулан өрж, хажууд соруултай ундаа, жүүс тавьсныг бодоход үүнийг захиалж бэлтгүүлсэн энэ эр бүсгүйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг нь илт. Угтлагын тэр өрөөний урд талд хаалга байх нь унтлагын өрөө гэдэг нь тодорхой.

     Биеэ үнэлэгчдэд оршил гэх юм уу ууж, ярьж суух нь илүүц гэдгийг гадарлах болсон Олдох бүсгүйн гадуур хувцсыг авч өлгөснөө:

-Суугаач… гэж сандал руу хайнгадуухан заав. Тэгснээ өөрөө нөгөө сандлыг татан авч ширээний наад талд тавьж бүсгүйд ойртон суугаад:

-Юу уух вэ… хэмээн асуулаа. Тийм ч нүүрэмгий биш нэлээд ичингүйрч, биеэ бариад байгааг бодоход туршлагажиж, яваад сурчихсан бүсгүй биш гэдгийг анзаарсан Олдох:

-Танилцъя гээд нэрээ хэлж, гараа сунгахдаа сайхан гар, гоё хүзүүнээс нь нүдээ нууж чадсангүй.

    Ангирмаа архи уухаас эрс татгалзсан нь Олдоход ихэд таалагдаж, жигдхэн цагаан шүд, турьхан хөөрхөн гар, юутай ч зүйрлэж чадамгүй тэр л гоё хүзүү…гээд бүсгүйн хөдөлгөөн бүр нь хүртэл ямар нэг увдистай юм шиг түүний харцнаас гадна зүрхийг хүртэл соронз адил татаад байв. Олдох  арай хэтрүүлэн уугаад согтож хэмээн өөртөө анхааруулж, худал мөртлөө сайхан үг хэлэхээс болгоомжилж байлаа. Гэхдээ л түүний сэтгэлийг Ангирмаа ер бусаар гижигдэж, бүр хүлээд авах шиг санагдаад байж…Энэ удаа бүсгүй биш Олдох биеэ бариад нэг л учраа олохгүй байлаа. Тэрбээр бүсгүйг биш өөрийгөө халаах, бэлтгэх гэж  ор хөнжилдөө орохыг яарч тэвдэлгүй ойр зуурын юм ярьж нэлээд удаан сууцгаажээ…

    … Сүрчигний  нь үнэр хөнжлөөс салаагүй атал салж чадахгүй янаглаж байсан хүүхэн нь өглөө сэрэхэд алга байлаа. Унааны ч мөнгөгүй болтлоо сэгсрүүлсэн мань эр “Янхнууд хаашаа холдох вэ дээ” гэж бодоод өнгөрч. Ямар зочид буудлынхан болоод цагдаад хэлж нэр нүүрээ түлэлтэй биш. Юу ч болоогүй юм шиг гараад алхаж явахад нь хүртэл  Ангирмаагийн гоё, хүзүү, гар нүдэнд нь харагдаад байхаар нь “Байдгийгаа тавьж туучихаад түүний юу нь гоё, сайхан байх нь ямар хамаа байна” хэмээн өөртэйгөө хэрэлдсээр гэртээ харив…

             ***                   ***                     ***                     ***              ***

          Хөлсний байранд орь ганцаар тансагхан амьдардаг түүнийг эргүүлдэх бүсгүй цөөнгүй атал эр биеийн жаргалыг янхантай хуваалцдаг нь түүний зан. “Яагаад” гэж асуухаар “Намайг эзэмдэж чаддаг” хэмээн хэнэг ч үгүй хариулдаг Олдох хаана ч явсан Ангирмааг хайж, бүр сэтгэл нь тогтож ядан үймцээд нэг л тогтворгүй болжээ. Хамаг юмаа алдсандаа ингэж байгаа болов уу гэтэл тйим биш ч юм шиг. Тэрбээр өөрийгөө ч  ойлгохоо больж хэдэн өдөр гэртээ нам гүм хэвтэв. Тэгснээ биеэ үнэлэгчидтэй сүлбээтэй байдаг нөгөө нэг нөхөр рүү ярьж “Ангирмааг олоод өг” хэмээн гуйх гэснээ болиод, хоёр найзыгаа хоолонд урьж, оройг сайхан өнгөрүүлэхээр шийджээ. Хоолны дараахь даруулгандаа хөөрхөн халаалт авангуутаа хүүхэн авдаг зан нь хөдлөвч энэ удаа тэрбээр шууд гэртээ харин унтаж амарлаа. Маргаашнаас нь эхлэн Ангирмааг бодлоосоо авч хаяхын тулд Олдох томоохон ажил руу ханцуй шамлан оров. Намрын сайхан налгар өдрүүд цаашилж хүйтний ам наашлан өвлийн өнгө дохио өгч эхэлсэн нэг өдөр. Зусланд очиж найзынхаа байшингийн засал чимэглэлийг гүйцээж өгөөд хотын төв рүү орж ирсэн Олдох оройтсон тул бэлэн хүнс авахаар дэлгүүр оржээ. Гэтэл тун танил царай нүдэнд нь тусав. Харлаа. Бүр дагаж байгаад нэлээд сайн ажиглажээ. Ингэж түрийвч, гар утас… гээд түүний халаасанд байсан бүгдийг аваад явчихсан тэмээнээс тэмдэгтэй нөгөө бүсгүйтэйгээ Олдох  тааралджээ. Айж, эмээсэн байдлаа нууж эс чадах бүсгүйг Олдох огт танихгүй царайлах гэж хэрэндээ л жүжиглэв. Тэгтэл нөгөө бүсгүй юм хэлэх гээд чадахгүй байгаа нь илт, бүр ангайгаад хөдөлж ч чадахгүй зогсчээ. Гараас шүүрч аваад:

-Өнөө оройг дахиад чамтай өнгөрүүлмээр байна … гэснээ хаалга чиглэн алхлаа. Бахь шиг чанга атгасан гараас мултрахыг хичээсэнгүй, бүсгүй бүдчин түүний хойноос алхсаар зам хүрлээ. Таксинд суусан хойноо Олдох гэнэт инээд алдаж:

-Чи надаас айгаад байгаа юм биш биз дээ… хэмээн даапаалсан эсвэл өрөвдсөний алин болох нь ялгагдамгүй өнгөөр хэлэв. Дуу нь гарсангүй юу, дуугарсангүй юу. Бүсгүй ямар ч байсан хариу үг хэлсэнгүй. Олдох газарчилсаар өөр нэг зочид буудалд очив.

  Гадуур хувцсаа тайлан ширээний ард суусан Олдох бүсгүй рүү удаан гэгч харсаар байлаа.

  Нүүр хийх газраа олж ядна гэгчээр бүсгүй гар хуруугаа оролдон, ийш тийш харан сууж байснаа айж чичирхийлсэн хоолойгоор:

-Намайг уучлаарай… гэж хэлснээ уйлчихав. Зөндөө удаан уйлжээ.

     Олдох түүнийг аргадах хэцүү, ахиад загнах бүр хэцүү, тун хүндхэн байдалд оржээ. Тэгтэл Ангирмаа:

-Би чамд үнэнээ хэлье. Чи итгэхгүй байх л даа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд чамтай   тааралдаж, үнэнээ хэлэх юм сан гэж хүсч, чамайг хайж байлаа. Хүн өөрөөсөө ичиж явах ямар хэцүүг би мэдэрсэн. Яагаад гэвэл би хэзээ ч хүний юм авч, хулгайлж байгаагүй. Гэтэл чиний бүх зүйлийг авсан. Тэр бол зөвхөн би өөрийгөө бодсон, амьд үлдэхийн тулд хийсэн хамгийн том тэнэг үйлдэл, арга байсан. Чиний эд зүйлээр өөрийгөө аварчихаад  дараа нь чамайг яаж байгаа бол гэхээс маш их зовж шаналж байлаа  ..  гэж яриагаа эхлэв…

                           ***               ***                    ***              ***           ***

…Аав, ээж хоёроосоо хойш ахтайгаа хоёулхнаа хоолтой, хоолгүй явсаар 20 нас хүрсэн. Ах маань Солонгос руу явсан. Ганцаараа үлдсэн би гэнэт нагац эгчтэй боллоо. Намайг гэх хүн гарч ирсэнд баярлаж, үнэндээ тэр хүний үгнээс гардаггүй байлаа. Намайг бөөцийлж, хөөрхийлж гүйгээд байсан тэр эгч маань нэг өдөр:

-Чамайг ахын чинь хойноос Солонгос явуулах болсон. Чи өнөөдөр шалгалтанд орно. Олигтойхон байж тэнцвэл чи хүн шиг явна. Арчаагүй царайлж байгаад гологдвол сургууль соёл төгсөөгүй чамд багтаж шингэх газар олдохгүй шүү…гэлээ.

   Надад ахаас минь өөр түшиг тулгуур байхгүй, хоёулхнаа өссөн болохоор санаж бэтгэрээд хэцүү байсан… Тэгээд нагац гэх тэр хүний заавар, зөвлөгөөгөөр орой болсон хойно “Dream” зочид буудлын “Vip” өрөөнд очсон. Намайг жигтэйхэн гоёод хүргэж өгсөн л дөө. Тэнд хоёр солонгос, нэг монгол эмэгтэй хэлмэрчийн хамт байсан. Надаас хэдэн асуулт асууснаа:

-Дээшээ гаръя… гээд дагуулж явсан. Гэтэл нэлээд настай солонгос эр шууд унтах санал тавьсан. Би эсэргүүцсэн. Айж хашгирсан.  Хөлчүү тэр эр намайг шууд барьж авахад нь би гарыг хазаж, чадлаараа эсэргүүцэж байгаад холдсон юм. Тэгтэл нөгөөх чинь нэг хүнтэй утсаар ярьсан. Би хэлийг ойлгохгүй юм чинь айж, яах учраа олохгүй зогсч байлаа. Гэхдээ  тийм доромжлол, хэрцгийллийн эсрэг юу ч хийхээс буцахгүй юм билээ. Тэгтэл гаднаас хаалга тогшиж бас нэг солонгос эр орж ирсэн. Тэр нь монголоор муухан ярьдаг байсан. Нөгөө муухай хөлчүү эр гар хуруугаа чичлээд, баахан ярьж хашгичсан. Хазуулсан гараа үзүүлээд, над руу бүр нулимсан. Би нөгөө нагацдаа уур хүрч, тэр муухай эрийг үзэн ядаад уйлмаар байвч яаж гараас нь мултарч, тэр өрөөнөөс хэрхэн гарах тухай бодож зогслоо. Тэгж байтал хаалгыг нь хүчтэй балбасан. Миний дотор онгойж бараг л аврах хүн ирж байгаа юм шиг баярласан. Тэгсэн цагдаагийн хоёр ажилтан ирээд намайг аваад явсан. Тэр шөнө намайг явуулаагүй. Нэг сараалжин төмрөөр хашсан өрөөнд хонуулсан. Маргааш нь надаас байцаалт гэх баахан асуулт асуусан. Бүх үнэнийг сонсоод бүр толгой сэгсэрч байсан. Их сайн байцаагч таарсан шүү. Тэр байцаагч:

-Чамд ямар санал хүсэлт байна гэхээр нь:

-Миний иргэний үнэмлэхийг тэр хүнээс авч өгөөч гэж л хэлсэн. Ингээд бараг хоёр 7 хоног цагдаагийн хэлтсээр эргэлдсэн. Цагдаагийнхан манай нөгөө нагац гэх эмэгтэйг хайгаад олоогүй…Эцэст нь “Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж, гэмтлийн зэрэг тогтоолгосон учраас чи тэр солонгост сая, 500 мянган төгрөг өгөхгүй бол шүүх рүү очиж, бүр ял авч болзошгүй байна” гэж байцаагч хэлсэн. Надад мөнгө өгөх хүн байхгүй. Жижиг зоогийн газар үйлчлэгч хийж байсан болохоор цалин гэж шалихгүй. Би тэр мөнгийг яаж олох вэ гэж бодож, бодож эцэст нь биеэ үнэлэхээр шийдсэн… Нэг найз маань бараг жилийн өмнөөс явдаг болсон болохоор түүнийг дагасан юм. Тэгсэн чинь нөгөө муу солонгос эр намайг яг мөрдөж байсан юм билээ.

   Нэг орой гэр рүүгээ яг орох гэтэл араас хүн бариад авсан. Миний амыг дарж, нүд таглаад… шууд машинд суулгасан. Тэгээд нөгөө муу солонгос эр дээр аваачсан. Тэр шөнө намайг маш их дарамталж, яахаас ч буцахгүй хэрцгий хандсан. Унтаж хэвтэх,  тэр хүнтэй суух, эхнэр  нь болох саналыг зөвшөөрөхгүй болохоор ингэж хандаж байгаа нь илт болсон… Зодсон. Хүлсэн… Ингээд хүний гарт үхэх нь гэж  бодож байлаа. Тэгтэл ашгүй, хэлмэрч эмэгтэй нөгөө солонгос эрийг согтоож унагаангуутаа шөнө намайг зугтаалгасан. Энэ хооронд миний толгойд мөнгийг олж өгөөд бушуухан салах бодол л эргэлдсэн. Шүүх рүү очвол шоронд орно гэж байцаагч хэлсэн юм чинь. Өөр юу ч бодогдоогүй. Дээр нь тэр муухай амьтны дарамт, заналхийллээс зугтах гээд… хэцүү байсаан. Ангирмаа нулимсаа гүдхийтэл залгиснаа:

-Гэртээ очиж чадахаа больсон, айгаад. Гэтэл мөрдөж, мөшгисөөр байгаад манай найзын гэрийг хүртэл мэдэж авсан байсан. Дандаа хөлсний хүмүүсээр намайг отуулж, бариулна. Их зэвүүн… Тэр удаа нөгөөх чинь бүр их мөнгө нэхсэн.

-Миний эхнэр болж гэж худлаа хэлж авсан мөнгөө өг. Тэгэхгүй бол чамаас сална гэж үгүй. Гарыг хазсан, маажсан энэ шарх, сорвийг яаж арилгах юм бэ. Чиний арьсыг авч наана шүү…  Нөгөө миний нагац болж саймшраад байсан хүн намайг худалдсан гэдгийг энэ үгнээс нь мэдсэн…

-Мөнгийг чинь маргааш өглөө авчирч өгье гэж бүр цаасан дэр бичиж, гарын үсгээ зурсан.

-Ирэхгүй бол амьд явах эсэхийг чинь шийднэ. Ийм  заналхийлэл дор намайг явуулсан.  Тэгээд  л…  Тэр орой чамтай тааралдсан. Би чиний бүх юмыг захын нэг танил ченждээ өгч, түүнээс мөнгө авч байцаагчид аваачиж өгсөн. Тэдний заналхийлэл, дарамтын тухай гомдол гаргаж цагдаад өгсөн.

    Хэд хоногийн дараа байцаагч  утсаар ярьж:

-Айх эмээх юм байхгүй. Тэднийг хорьж саатуулсан. Нагац гэх хүнийг чинь олсон, шалгаж байгаа. Тэд эхнээсээ хуйвалдсан нь тодорхой гэж хэлсэн. Ингэж арайхийн тэр муухай хүмүүсээс салсан…

   Бас л өөртөө ахадсан зовлон туулж яваа  бүсгүйн амьдралыг сонсч хэвтсэн Олдохын зүрх шимшрэн, өөрийн эрхгүй хацар уруудан урсч ирсэн нулимсаа хөнжилд сэмээрхэн арчив.  Олдох түүнийг өрөвдөж, “Тэр өдөр надтай тааралдаж миний юмыг авч, тэр муухай хүмүүст өгч санаагаа  амраасан нь болж. Өөр хүн байсан бол өдийд яах байсан нь тодорхой. Аль эсвэл тэр муухай цэвдгүүдийн амны зугаа болоод явах байж… Ер нь чи, бид хоёрыг бурхан ийм байдлаар учруулсан байх аа” хэмээн дотроо бодов. Гэвч энэ бүгдийгээ ил гаргаж хэлсэнгүй. Чимээгүй л сууж байлаа. Түүний зүрх шархирч бүр тэсвэр нь алдрав. Сандлаасаа босч ирснээ Ангирмааг чангаас чанга тэврэн авлаа…

          Хүйтэн, хөндийхөн учирсан ч тэр хоёр  шөнө хэвийтэл ярилцжээ. Түүнтэй анх учрахдаа л уярч догдолсон сэтгэлээ Олдох буруутгаж байснаа болив. Харин ч чамлахааргүй зовлон туулж яваа бүсгүйтэй учирсандаа олзуурхжээ. Тэгээд булгилах зүрхнийхээ таашаалд догдлолд огтхон ч эргэлзээгүй залуу:

-Хоёулаа бие биеэ хайрлаж явъя… Миний туулсан амьдрал ч  гэрэл гэгээ цацруулах юм ховортой… хэмээн Ангирмаад хэлжээ.

-Чи дэндүү сайхан сэтгэлтэй… Гэтэл миний явсан зам тийм сайхан биш… Ангирмаагийн энэ үгийн хариуд:

-Харин ч Бурхан чамд хайртай учраас надтай уулзуулж, тийм хүнд байдлаас гаргасан хэрэг. Тиймээс хойшид хоёулаа хамт зүтгэхэд Бурхан илүү ихийг чи, бид хоёрт хүртээх болно, хараарай… хэмээн хэлээд Олдох бүсгүйг цээжиндээ чангаас чанга тэвэрчээ. Ингэж танилцсан хоёр хэдхэн сарын дараа нэг гэрт орж, гоонь, нөхөргүй гэх будагтай ч юм шиг, булингартай ч гэмээр тодотголоосоо салсан байна.

   Олдох мөнгөний ахиуг харан ажил олдсон газар бүхнийг бараадаж явдгаа больж нэгэн томоохон компанийн тээш агуулах хариуцах болов. Ангирмаа гар хумхин суухыг хүсээгүй. Ундаа, цэвэр усны үйлдвэрийн гэрээт борлуулагч хийх шалгалтанд ороод тэнцжээ. Ийнхүү тэдний учрал сэвтэй, цавтай байсан хэдий ч амьдралын гараа нь тун аятайхан эхлэв.

                                 ***                 ***             ***            ***              ***

      Олдох, Ангирмаа хоёр анхны цалингаа авангуутаа ойр дотнын найз нөхдөө урив. Тэдний цайллаганд Хэнчбиш эхнэр Шүрээтэйгээ, харин Цоохор гэрлэж амжаагүй тул ганцаар иржээ. Цооногт амьдарч байхдаа амьжиргаатай, арчаатай  байсан мөртлөө архитай нөхөрлөж яваад осгож, нэг гарынхаа хэдэн хурууг тайруулсан Цоохор өнөөг хүртэл гоонь яваад хэн хэн нь  сэтгэл эмзэглэх. Түүний архитай нөхөрлөсөн шалтгаан нь мөн л хүүхэнтэй буюу хайр дурлал нь бүтэлгүйтсэнтэй холбоотой. Хайртай бүсгүй нь өөр эр дагаад явсан тул Цоохор өөртөө гутарч “Дахин гэрлэхгүй. Мөнгө хөрөнгөгүй хүнийг ингэж үнсэнд хаясан шалз шиг болгодог юм байна. Энэ насыг ганцаар туулж баръя…” гээд архины ааганд мансуурч яваагаа аз жаргалтайд тооцох болжээ. Хоёр найз нь ялангуяа Олдох байнга түүнийг зэмлэж, чихнээс нь хонх уях бол энүүхэнд. Цоохор нэг л өдөр архийг бүрмөсөн орхиж, “Амьдралыг цоо шинээр эхэлнэ” хэмээн Эзэнийхээ өмнө ам тангараг өгчээ.

-Гарынхаа хэдэн хурууг байгалийн болоод хатуу дарсны шалгуурт өгчихөөд хэвтэж байхад Ертөнцийн Эзэн л надтай цуг байсан. Бас Эзэний даалгавраар хэдэн найз минь намайг тулж, түшиж босгосон. Би Эзэний хүү биш, Эзэний агуу хайранд багтаагүй бол хуруугаа биш амиа өгөх байсан. Өвчтэй хэвтэж, шаналж байхдаа “Намайг үхүүлээд өгөөч” гэж гуйдаг байлаа. Гэтэл Эзэн “Чи бос. Сэр. Сэхээр” гээд “Чамд гар олдоно. Тэр бол миний бэлэг байх болно” гэж хэлсэн.Энэ бол яах аргагүй миний зүрхээр дамжуулж надад хэлсэн Эзэний үг. Ингээд би архийг биш амьдралыг сонгосон. Эзэн ингэж хайрладаг юм гэж тэрбээр ам бардам ярьдаг. Түүний амьдралаа өөрчилж, шинэчилсэн энэ үгийг сонсч, дуулаад  цөөн биш хүн хорт муу зуршил архинаас салсан гэдгийг баталдаг.

          Ийнхүү итгэл, үнэмшлийнхээ хүчээр өөрийгөө босгож авсан Цоохор  ганзагын наймаанд гүйгээд хэний ч гар харахааргүй товхийтэл амьдарч яваа нэгэн.

… Ширээ тойрон суусан тэдний ам төдийлөн  халж өгөхгүй, нэг л гэрэвшингүй  сууцгаалаа.  Арга ч үгүй биз, гэр бүлтэй болсноосоо хойш анх удаа ийн нэг дор цуглаж байгаа юм чинь. Хэн, хэн нь шинэхэн бэрүүдийн өмнө  хэв жаяг алдахгүйг хичээсэн хэрэг. Эхэндээ ярианы гол сэдэв Цоохорыг гэрлүүлэх тухай байлаа. Хэзээний түргэн зантай Хэнчбиш:

-Манай энэ хоёр чинь нэг нь лам, хийд, нөгөөдөх нь Есүс, сүм гээд намайг бодвол харьяалалтай. Лам нь манай Оогийд ийм сайхан эхнэр өгсөн юм чинь Эзэн Есүс ч гэсэн Цооёог илүү хөөөрхөнтэй суулгах байлгүй… гээд  чангаар худлаа инээв. Аминдаа нөхдөө хөгжөөх, яриа өрнүүлэх гэсэн биш орж ирсэн цагаасаа ярвайж гэдгэрдүү суучихаад үг дуугарах ч үгүй байсан эхнэрийнхээ дургүйг хүргэв бололтой.

-Чи тэгээд лам ч үгүй, Есүс ч үгүй болохоороо  муухай эхнэртэй суусан гэх гээд байгаа юм уу хэмээн илт зэвүүцэн, шилбэлзжээ. Энэ байдлаас эвтэйхэн гарах ухаан Олдохын толгойд орж ирэлгүй яах вэ.

-Яалаа гэж. Манай Хээк чинь лам биш бүр нам гэж ярина шүү. Тэгэхэд бид “Нам хаана байдаг юм бэ. Хүний нэр юм уу номын нэр үү…” гэнэ шүү.   Ямар сайндаа Хээк маань “Чи улс төр сонирх. Арай холыг хар…” гэж намайг зэмлэдэг юм. Би яахав дээ, ёстой ламдаа мөргөж явснаас биш ямар юмны нам, улс төр вэ. Мэдэхгүй, чадахгүй юм чинь тийшээ мөлхөж үзсэнээс мөргөж, залбираад явъя гэдэг юм. Манай Хээк бол бид хоёроос арай өөр л дөө. Дээр  үед “Мал дагавал ам тосдоно” гэдэг байсан. Одоо бол “Нам дагавал ам тосдох” гэж солигдсон юм биш үү. Манай Хээк үүнийг л их эрт олж харсан хүн дээ.  Мань мэт нам тийш зүглэвэл амаа тосдох биш толгойгоо цусдах байх шүү… Олдохын энэ яриа хэн хэнд нь таалагдав бололтой Хэнчбиш эхнэрийгээ тэврэн авч нялуун гэгч үнсэлтээр аргадахад цаадахь нь ч инээмсэглэлээр нөхрөө мялаав.

      Цоохор угийн хошин үг, яриатай наргианч хүн.Тэрбээр ганцаардахгүй гэсэндээ ч биш нөхдийнхөө ийм сайхан яваад чин сэтгэлээсээ баярласандаа хөгжилтэй яриа өрнүүлж, гитар тоглон дуулж тэр оройг үнэхээр халуун дулаан болгож өглөө.

     Тэр гурав хүүхэд байхдаа хоолой салгаж дуулдаг байлаа. Олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Хүүхдийн дууны их наадам”-д оролцон тэргүүн байр эзлээд гадаадын урлагийн наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулжээ. Гэвч тэднийг байтугай мэргэжлийн урлагийн байгууллагаа дэмжиж тэтгэх тухай яриа үгүй байсан учраас тэд явж чадаагүй. Явна гэж бодоогүй, итгээгүй гэдэг.

   Нөхрийгөө хоёр найзынхаа хамт дуулахыг сонсоод тэсч чадалгүй уйлж, “Ийм сайхан авъяас, энэ сайхан сэтгэл хоёр холбоотой байхаас яахав” хэмээн Ангирмаа бахархаж суулаа…

                      ***                     ***               ***               ***             ***

      Хэзээний “Баян эхнэртэй сууна” хэмээн таахалздаг байсан Хэнчбишийг   гаднаас нь хараад хэлсэндээ хүрчээ гэж дүгнэж болохуйц.

       Хийсэн тодорхой ажилгүй атлаа мань эр энгэрийнхээ халаасанд хэд хэдэн ажил, албаны хаяг зүүсэн нэрийн хуудас байнга авч явна. Эндүүрсэн зарим нь эрхэм гишүүний “туслах” гэж ойлгож байхад эхнэрийнхээ нөлөөн дор сайхан баг зүүж дүр эсгэж явдгийг мэдэх нь бас  цөөн биш. Ямар ч атугай “Эхнэрийн буяныг хэхэртлээ эдэлж яваа, би азтай хүн…” гэж өөрөө ханхалзах дуртай…

– Хаачаад ирэв? Халуун саванд хоолыг чинь хийсэн шүү гэж ая муутайхан дуугарсан эхнэртээ хариу хэлэлгүй шууд угаалгын өрөө рүү оржээ. Хэнчбиш ус гоожуулсан атлаа гараа савангийн хөөсөөр булхан зөндөө зогслоо. Тэгснээ толинд харж  “Цоохороос өөр хүн алга…” хэмээн өөртэйгөө яриад, гарынхаа хөөсийг сая нэг юм усаар зайлав.

          Духан дээр нь үнэрлэчихээд, эхнэрийнхээ хажуугаар орж хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй…

     “Гөлөгөө гишүүний эхнэрт  “За” гээд хэлчихсэн болохоор заавал бүтээж өгөхгүй бол болохгүй. Заамарын алтны орд гэдэг бол хэн дуртай нь авчихдаг, хямдхан эд биш… Талийгаач болсон 200 гаруй хүний нэр дээр санал “өгүүлж” арайхийн гаргаж ирсэн ачийг минь Гөлөгөө новшийн хулгайч ийм амархан мартсан юм байх даа. “Май” гээд шууд өгчихөж чадахгүй, заваан юмандаа заавал намайг оролцуулах, гар хүргүүлэх сонирхолтой байгаагийн учир юув?  Бүтээхгүй бол Хэнчбиш хэн болох юм бэ, харуулж  л таарна…

 Манай Цоохор эвгүй шүү дээ. “Үгүй” гэх ганцхан шалтгийг санааныхаа мухарт байнга хадгалж явдаг хүн. Эртийд яалаа. Намайг эвгүй дуугарсан бол эргүүлж тонгорчих гээд харцаараа хутга эргүүлээд байгааг нь харахгүй юу…

          Хэнчбишийн толгойд өнгөрсөн, өнөөдрийн хуурцгууд ийнхүү завсар зайгүй эргэлдэн хэвтэж байтал эхнэрийнх нь хөлийн чимээ гарав. Унтсан дүр эсгэн хөнжилдөө шургатал хамаг бие нь чичрээд ч байх шиг. “Зүрх, зориг муутай заваан новш” гэж нөгөө хоёртоо байнга чичлүүлдэг байснаа бодон, өндийж суулаа…

                                ***                ***              ***             ***             ***

          … Гарт нь тоосго байгааг харангуут арагшаа эргэтэл хайруулын таваг нүдэнд нь тусчээ. Бултаагүй бол нүдээ тэс цохиулах байв. Өрссөн тулдаа түүнийг цохиж унагаав. Амнаас нь цагаан хөөс сахран тийчилж байснаа царай нь зэвхий дааж, хөдөлгөөнгүй болжээ. Яг энэ үед айсан харцаараа мөргөлдсөн хоёрын хэн нь ч ам нээсэнгүй. Хөдөлж ч чадахгүй байв. Хэнчбишийг айдас нь хөтөлж, арагш нэг хоёр алхам чангаажээ. Судсыг нь барьж, амьсгалыг нь чагнаснаа  “Үхчихэж” гэж Олдох сулхан дуугарав. Ардаа байсан дулааны бүдүүн төмөр  хоолойг хэд өшиглөчихөөд үхэдхийн суухдаа “Арай ч дээ…” хэмээн хашгирсан Хэнчбишийн хацрыг даган нулимс нь урсчээ.

          Өөрийнх нь муу цамцыг нүүрэн дээр нь хаячихаад хоёулаа хажууд нь толгой гудайлган суусаар үүр цайлгав.

          – Гаргах уу?… гэж Хэнчбишийг асуухад Олдох дуугарсангүй. Духаараа цоо ширтэх түүний харцнаас дальдран буруу харахдаа тэрбээр “Энэ новш бөгс ухаж, хад мөргүүлэх юм биш байгаа” гэсэн айдаст дарагдлаа.

          Тамхиныхаа утаагаар өөрийгөө цатгахын хажуугаар тайвшруулах гэж оролдож суухдаа “Траншейнд үхэхийг алийг тэр гэхэв. Тоодог хүн байх биш. Энэ хоёр хэзээ ч эвийн цавуугаар наасан юм шиг сайн байгаагүй. Нэг муу охиноос болж саяхан насны өстнүүд болоо биз дээ. Хэрэг бишидвэл “Ходорч л таарна” хэмээн бодож амжив.

          “Хоолноос болж нэгийгээ цааш харуулчихаж байгаа юм уу. Хичнээн жил энэний хүчинд ходоодоо борлуулсан билээ дээ. Хэтэрхий бардам байдаг энэ муу новшийг…” Олдохын цээжинд Цоохорыг өмөөрсөн ийм гал дүрэлзэнэ.

          Цоохор тэр өдөр хиам олж идсэнээ ярихад хонхолзох ходоодондоо захирагдсан Хэнчбиш эхэлж хэрүүл өджээ.

          – Амиа бодсон хар новш вэ, чи…

          – Хүн авч өгсөн ганц годгор хиамыг халаасандаа хийгээд зогсч байх байсан юм уу? Өнөөдөр чиний хоол олох ээлж биз дээ?

          Нөгөө хоёртооо аархах санаа байвч сачий нь хүрдэггүй Хэнчбиш Цоохорыг шууд алгадчихжээ. Санаандгүй байсан Цоохор суун туссанаа сандайлж суудаг тоосгоо бариад босоод иржээ.Тулсан юман дээр Цоохорыг дийлэхгүй гэдгээ мэдэж байгаа болохоор өөдөөс нь тоосго далайсан түүнээс өрсөх гээд тархин дундуур нь татаад авчээ…

    Харанхуй дааж, өмхий үнэртсэн нүхнээс хоёр хоног гарсангүй. Хэн хэн нь ам нээж чадахгүй, хоёр тийш харан суусаар байжээ. Гэтэл дэргэдэх бүтээлгэн дотроос гар гарч ирээд хөдлөх шиг болов. Хэнчбишийн нуруу руу хүйт даагаад хөдөлж ч чадсангүй. Олдох ухасхийн босч, гарыг нь атгаснаа  “Цоохор оо… Цоохор оо” хэмээн дуудсанаа дээр нь хаясан бүтээлэг, цамцыг авч хаяв… Цоохор амь байлаа. Хоёр хоног ухаангүй байжээ. Айх, гайхах зэрэгцсэн хоёр анд нь толгойг нь түшиж, ам руу нь ус хийхэд “Хэнчбиш зүгээр үү” гэж хоолойныхоо мухарт дуулдах төдий шивнэхэд Олдох огшиж ирснээ уртаар амьсгаа авсан гэдэг. Түүнээс хойш Цоохор Хэнчбишийг болж өгвөл шөргөөчих гээд, болохгүй бол шүргэчих гээд байх болжээ. Хувь тавилангийн эргүүлгэнд шидэгдэж хар багаасаа хамт толгой хоргодож өссөн тэд цаг хугацааны уртад инээж, хөхрөөд эвлэрцгээсэн нь аль хэдэн жилийн өмнөх явдал.

          Эр бие өсч өдий хүрсэн ч өчнөөн жилийн өмнөх энэ явдалд “Өс санадаг байх” гэсэн хардалт Хэнчбишид өнөөг хүртэл хадгалагддаг юм санж.

                 ***                ***                  ***                     ***                   ****

   Гоёмсог саарал хослол, цэнхэр сорочкийг, тод шар эрээн зангиагаар тодотгоод,   брэндийн гутал жийсэн Хэнчбиш цаг харан холхиж байлаа. Удалгүй урилгатай зочин нь инээсээр орж ирэхэд түүний үрчийж байсан дух тэнийгээд ирэв. Томд тооцогддог хэдэн рестораны нэгийн тусгай өрөөнд ийнхүү хоёр найз цаг товлон уулзжээ.

          – Ямар хоол, зууш захиалах вэ. Даруулганд нь хундага юм уух уу… гэхэд   Цоохор:

          – Хатуу юм уухгүй ээ. Харин улаан дарс балгачихъя гээд буйдан налан маадгар сууна.

          – Бидний нас явж байна. Гэрлэх тухай юм бодож байгаа биз дээ гээд Хэнчбиш найздаа санаа зовсон царайлан, ийн яриа өдөв.

          – Нэг бүсгүйтэй танилцсан. Их сайн эмэгтэй. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Үйлдвэрийн осолд ороод өрөөсөн хөлгүй болчихсон юм.

 Цоохорын үгийг гүйцэд сонсолгүй Хэнчбиш яриан дундуур нь орж:

          – Чи одоо юу бодож, сайн сайхан гээд байгаа юм бэ. Одоо чинь овсгоотой, сүйхээтэй, болж өгвөл мөнгө, хөрөнгөтэй хүн бараадахгүй бол амьдрах арга алга байна шүү дээ. Чиний гар ямар билээ, цаадахын  чинь хөл…   Яаж сайхан амьдрах юм бэ?

          – Зүгээр ээ, битгий санаа зов. Баян, тарганыг бараадаж харцных нь аясаар бөмбөрч явснаас бие биеэ хайрласан шиг хайрласан нь хамаагүй дээр. Тэр маань миний гар, би түүнийхээ хөл нь болно. Тэгээд болоод явчихаж байгаа юм.

        Цоохорын амьдралд хөндлөнгөөс хушуу нэмээд, тас цохиулсандаа бантсан Хэнчбиш өөртөө дахин 200 грамм архи авч хөнтөрлөө. Яг үнэндээ бол  түүний эхнэр ямар байх нь сонин биш, яриагаа яаж эхлэх вэ гэдэг л хамгийн чухал байлаа.

          Архиар  зоригоо чангалсан мань эр ийнхүү шээрэгнэн огт өөр юм ярьж хэсэг сууснаа  Цоохорт саналаа хэллээ.  Ямар хариу хэлэх бол гэхээс түүний гарын хөлс   чийхарч, зүрх нь дэлсэнэ. Энэ байдлаа нуух гэж ядахдаа дахиад жүнзтэй архи авч хөнтөрчээ. Тэгтэл Олдох ам нээв.

          – Найз нь чадах юмаараа тусална аа. Хүүхдүүдийг эмчилж, сайн сайхан ажил хийх гэж байгаа чинь таалагдаж байна. Хүүхэд олох ажлыг би хариуцъя гээд жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээлээ.

Чийхарсан хөлсөө шудраад:

-Баярлалаа, найз аа. Бид чинь бие биедээ тус дэм, түшиг тулгуур болж явна гэсэн улс юм чинь гээд Цоохорын гарыг чангаас чанга атгасан Хэнчбиш “Та нараас давж бодно уу гэхээс арай ч дутаж сэтгэнэ гэж үгүй шүү” хэмээн өөрийгөө дөвийлгөж амжжээ.

-Чи чинь ямар ёсорхуу, соёлтой болоо вэ. Ийм сайхан хүмүүнлэгийн ажлын саналаас татгалзах сэтгэл надад байхгүйг чи сайн мэдэж байгаа… Цоохор ингэж хэлээд шоолсон аястай жуумалзах нь Хэнчбишид зэвүүн санагдав.

-За тэгвэл маргаашнаас ажилдаа оръё. Найз нь чамайг гомдоохгүй. Гар дээр чинь хэдийг тавихаа би мэдье гэснээ урдаа байсан архийг авч:

-Хоёулаа нэг тулгачих уу гээд худлаа инээлээ.

-Найз нь наад идээг чинь амсахаа больсныг чи сайн мэдэж байгаа биз дээ. Яагаад   надад дахин дахин архи санал болгоод байгаа юм бэ? Нэгэнт буян бодож, харж хандах хүнгүй  чи, бидний нэг адил тавилангаар яваа тэр хүүхдүүдийг эмчилгээ, шинжилгээнд хамруулах гэж байгаа юм чинь надад ажлын хөлс, шагнал огт хэрэггүй. Хэрэв тийм хувь заавал хүртээх ёстой бол хүүхдүүдэд хувцас хунар аваад өгчихье.

    Хэнчбишид хэлэх үг олдсонгүй. “Ёстой юм үзээгүй амьтан шүү. Үргэлж мөнгө хөрөнгөнөөс татгалзаж байж, яаж өөдтэй явах вэ дээ… Ядахдаа эрхтэн нь бүрэн эхнэр олж авч болно доо… Зүгээр орж ирэх гэж байгаа хэдэн төгрөгийг тосч аваад хэвтэж байхгүй. Заяа муутай новш…” хэмээн дотроо найзыгаа зүхэв. Тэгснээ “Ингээд чиний хувь минийх болж байгаа юм. Хэнчбиш хүү цаанаасаа ёндоотой доо…” гэх  бодлыг нь таслан:

-Урьсанд баярлалаа. Одоо найз нь явъя гээд Цоохор бослоо.

 Хаалга хаагдангуут алгаа хорстол үрж, ганцаараа тачигнатал инээснээ гар утсаа гаргаж, чичирхийлсэн  хуруугаараа арайхийн дугаар цуглуулаад, цонхны хөшгийг хааж битүүлэв…

/Үргэлжлэл бий/

Ж.ДҮҮРЭНЖАРГАЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх