Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өнөөдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг:
“Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх хэлэлцүүлэг биш юм шүү. Бид ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ хоёр удаа хэлэлцүүлэх бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран энэ сэдвийг цаашид ярина. Бид баялгийнхаа засаглалыг зөв болгох гол зорилго тавьж байгаа.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүн бүр мэдэх ч энэ хэлэлцүүлгийн өмнө заавал унших ёстой болов уу. Энэ хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл бид баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Бид цөөнгүй улсын Үндсэн хуулийг судалж үзсэн. Тэдгээр Үндсэн хуульд “Байгалийн баялгийг хэн нэг компани бүтээгээгүй. Энэ бол байгалийн баялаг юм. Харин хэн нэг хүн эсвэл компанийн бүтээсэн хувийн өмч, хувийн баялаг руу төр өөр хэн нэгэн халдах эрхгүй” гэсэн утга байдаг. Бид ч ийм Үндсэн хуулийн зарчимтай. Гэвч, сүүлийн үед бид энэ санааг санаатай болон санамсаргүйгээр хооронд нь хольж, хутгадаг болсон. Ингэснээр монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа. Энэ асуудал дээр тогтож, Монголчууд болон гадна дотнын судлаачдыг авчирч ойлголтоо нэгтгэх шаардлагатай болж байгаа. Лиценз гэдэг нэрээр баялгийг ашиглаад байгаа юм уу аль эсвэл өмчлөөд байгаа юм уу гэдгийг сайн ярилцах цаг болсон. Хаана хүрч энэ эрх мэдэл дуусах ёстой талаар бидэнд нэгдсэн ойлголт байхгүй байна.
Би Монголын нууц товчооноос хоёр мөр хэлье. Энэ асуудлыг шийдэж чадаагүй байгаа учраас лицензийн төлөөх байлдаан Монголын нууц товчоонд бичсэнээр:
“…Орондоо унтах авгүй
Олзлон булаалдаж байв…” гэдгийг Орондоо унтах авгүй, олзлон булаалдаж байна гэж хэлэхээс өөр аргагүй байна. Бид энэ асуудлыг анхаарахаас өөр аргагүй байна шүү. Дараагийн асуудал бол баялгийг ашиглах асуудал. Энэ асуудал дээр бид улсаараа хангалтгүй дүн авч байгаа. Хэдхэн том ордыг ашиглах асуудлыг ярьж байгаа ч түүнээс гарах үр өгөөж, тэр үр өгөөжөө хуваарилах, шингээх, хүртээх асуудалд бид мэдэхгүйн болон хэт мэдэхийн зовлонд унасан. Тиймээс бид өнөөдөр баялгийн засаглалын асуудлаар ярилцах гэж байна. Энэ асуудлыг нэг эсвэл хоёр удаа яриад өнгөрөх бус олон удаа ярьж байж байгалийн баялгийн салбарын үндэсний стратегийг маш хурдан бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Баялгийн зөв засаглалын хүчинд монголчууд бид богино хугацаанд боломжийн улс болж хөгжинө. Байгалийн баялгийн зөв засаглал эсвэл байгалийн баялгийн зөв хуваарилалт гэхээр бэлэн мөнгө тараадаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Би өөрөө улстөрч хүн, Ерөнхий сайд байсан. Өөрийгөө оруулан буруу хийсэн ажлаа засах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ялангуяа сонгуулийн өмнө янз бүрийн сангаар дамжуулан бэлэн мөнгө тараадаг. Үүнийг бид зогсоох ёстой. Зогсоох хууль эрхзүйн хөшүүргийг гаргах ёстой. Жишээ нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байсан ч хууль нь Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болсон байдаг. ДНБ-нд эзлэх өрийн таазыг 40 гэсэн ч 60, 80 гээд л улстөрчид дур зоргоороо өөрчилж байдаг. Энэ бүх асуудлыг бид зайлшгүй засах ёстой” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уулзалтыг нээж үг хэлсний дараа Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институц, КАС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зэрэг байгууллагын төлөөллүүд “Баялгийн засаглал” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.
Тухайлбал, Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн Ерөнхийлөгч М.Дагва илтгэлдээ “Баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудын хамгийн эхэнд ойлголцол, зөвшилцлийн асуудлыг нэрлэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн түвшинд, уул уурхайн салбарын хэмжээнд, улс төрийн шийдвэр гаргах түвшинд буюу хамгийн гол гурван түвшний ойлголцол, зөвшилцөл байхгүй гэж үзэж байгаа юм байна.
Мөн уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа гол 10 хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа удаах асуудал гэжээ. Тиймээс олон нийт, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргах түвшнийг хамруулж, салбарын зохицуулалт гаргах, Засгийн газрын түвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөг дамнасан тогтвортой стратеги боловсруулах шаардлага гэж үзэж байгаа юм байна.
Бусад илтгэгчид Эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудал, Уул уурхайн салбарын орлого, зарцуулалт, Эрчим хүч бай байгалийн баялаг: Ази болон Европт тулгарч буй улс төрийн сорилтууд зэрэг сэдвээр илтгэл тавив.