Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 42.197 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1865 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 38.9 хувийг 0-1 нас, 24.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 805 дуудлага ирснээс 28.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 22-ны байдлаар, 2084 орон дээр 1333 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 157 буюу 40.4 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.