Хүүхэд,залуус гэр бүлийн хүчирхийлийн эсрэг үзэл бодлоо гар зургаар илэрхийлжээ

2018 оны 02-р сарын 07 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ginjiig

“Blue Mon” төвийн нэг давхарт “Хөөрхөн зүрх” ТББ-аас өвөрмөц өгүүлэмжтэй үзэсгэлэн гаргалаа. Тус байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зорилтот ажлынхаа хүрээнд өнгөрсөн сард ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах анги, МСҮТ-д суралцагчдын дунд “Гинжийг тасал” гар зургийн уралдаан  зарлажээ. Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэсэн нь энэ.

Уралдаанд оролцогчдоос 150 гаруй бүтээл ирүүлснээс нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг тэргүүн байрт шалгарчээ. Нэгдүгээр сургуулийн 12ё ангийн сурагч Б.Түвшинзаяа, 79 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Б.Батхуяг,  59 дүгээр сургуулийн 12а  ангийн сурагч С.Мичидмаа нар удаах байранд шалгарсан байна. НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр уг уралдааныг зохион явуулсан бөгөөд нийт оролцогчдын бүтээлийг дэлгэн харуулсан “Гинжийг тасал” үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл ажиллана.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Хүчирхийллээс урьдчилан сэргийлж таслан зогсоох нөлөөллийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн байгууллагууд, урлаг соёлынхон, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хийх ёстой. Хүчирхийлэл, хүний зан үйл, хандлагатай холбоотой мэдээллийг урлагаар дамжуулан өгвөл үр дүнтэй байдаг. Тиймээс бид энэхүү уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн  бүтээлүүдийн агуулгыг харахад, хүүхдүүд хүчирхийллийг таслан зогсоогооч, биднийг хамгаалаач гэсэн утга агуулгатай олон санааг харуулсан” гэдгийг онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх