Монголын офшорчдын АТГ-т мэдүүлгээ өгөх хугацаа өнөөдөр дуусч байна

2018 оны 02-р сарын 05 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27718810_1296129093851919_1081285541_n
Монголын ихэс дээдэс төрөөс хулгайлан зувчуулсан арвин их мөнгөө офшор бүсийн банкинд хадгалуулдаг тухай хэдэн жил ярив. Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая долларын хадгаламжтай гэдгийг сонссон монголчуудын нүд орой дээрээ гарах дөхөж нийгэм даяараа гайхшралын ертөнцөд живчих шахаж билээ. Харин одоо бол гадаадад офшор данстай томчуул хэт олширсон тул тэгтлээ гайхаж цөхөхөө больжээ. Офшор бүсэд мөнгөө нууцлан хадгалуулахын учир юусан гэвэл баячууд арвин их мөнгөө эх орондоо байлгавал татвар төлнө гэдэгт гол утга нь оршино. Уг нь төр буй дор татвар байх хуультай. Тэгвэл тэр хуулиас зугтаж татвараас зайлсхийж, офшорыг барааддаг хүмүүсийг эх орондоо хайргүй гэхэд арай дэндүү хайргүй гэхэд нэг их буруу болохгүй байх. Тэр офшор нь англиар «эргийн гадна», «хилийн гадна» гэсэн утгатай бөгөөд татвараас хууль ёсны дагуу бултах хамгийн шилдэг арга аж. Өөр улсын иргэн тухайн улсын офшор банкинд данс нээлгэх нь мөнгө хадгалагч улсын эдийн засагт ашигтай. Харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкууд ийм үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд ч харилцагчдынхаа нууцыг чандлан хадгалж, “Есөн эрүү” тулгаж байсан ч гүрийдэг гэлцэнэ. Их хэмжээний мөнгө хадгалуулж байгаа өөр орны харилцагчийнхаа хадгалуулсан мөнгөнөөс хүү авдаггүй нь бас нэг сайн үйлчилгээ аж. Монголын офшорчид офшортой холбоотой мэдүүлгээ өнөөдөр АТГ-т өгөх учиртай. Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа АТГ-т 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм. Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн билээ. Мөн Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан офшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 6-ны дотор авч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны дотор АТГ-т мэдүүлэх шаардлагатайг АТГ анхааруулж байна.
 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх