Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

2018 оны 02-р сарын 02 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suh

Өнөөдөр Монгол ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Монгол ардын нам, Aрдын засаг, төрийг үүсгэн байгуулагч Mонгол түмний дундаас төрсөн гарамгай хүү Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Одоогоос 125 жилийн өмнө 1893 оны 2 дугаар сарын 2-нд тухайн үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Бага насандаа харц ардын хүнд бэрх,ядуу зүдүү амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ амь зуулганд тусалдаг байв.

Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байгаагүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо бодлого заалгаснаар 14 настайдаа бичиг үсэгтэй болжээ.
Идэр залуу Сүх хүү 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн дарга болсон юм. 1917 онд эх орныхоо төлөө дайнд манлайлан оролцож “Баатар” цолоор шагнагдсан байна. Улмаар 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг болж, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон Ардын хувьсгалын үйл хэрэгт бие сэтгэлээ зориулсан түүхтэй.

1922 оны долдугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон билээ. 1921 оны 11 дүгээр сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэрбээр 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа бусдад хорлогдож таалал төгссөн билээ.

Монголын ард түмний хайртай хүү Дамдины Сүхбаатар жанжны мэндэлсэн ойг жил бүр улс орны хэмжээнд өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Их жанжин Д.Сүхбаатарын 125 жилийн ойн хүрээнд нийслэл хотноо олон арга хэмжээ ёслолыг зохион байгуулж байна.
Монгол Улсын төр засгийн өндөрлөгүүд тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатарын талбайд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Төрийн ордонд МАН-ын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзана. Мөн Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт бүхий үзэсгэлэнгийн нээлт болно. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд байрлах Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. ҮБХИС-д Зэвсэгт хүчний “Цэрэгжилтийн гимнастик, гимнастикийн олон төрөлтийн тэмцээн”-ий нээлт болно.

Энэ өдөр Их жанжин Сүхбаатарын гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх бол Жанжин клубт Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын тогтоолыг тус хорооны удирдлагуудад гардуулах ёслол болно.  Мөн Тусгаар тогтнолын ордонд “Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээн зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх