Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад Татварын Ерөнхий газар (ТЕГ)-аас хийсэн шалгалтуудаар харилцагч, үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэсэн үндэслэлээр удаа дараа хариуцлага ногдуулаад байгаа юм. Энэ талаар банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс тайлбар тодруулга хүссэний дагуу Санхүүгийн Зохицуулах Хороо ТЕГ-т хандан албан ёсны зөвлөмж хүссэн юм.
Хорооны хүсэлтийн дагуу ТЕГ-аас Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх”, мөн тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухай нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө” гэж заасны дагуу төлбөрийн баримт олгох үүрэгтэй тухай зөвлөмж ирүүллээ.
ТЕГ дээрх зөвлөмжөөрөө, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь стандартын шаардлага хангасан төхөөрөмж ашиглан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт”-ыг нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох ажил үйлчилгээ эрхэлдэг эсэхээс үл хамаарч татварын нэгдсэн системд холбогдон, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох сугалааны дугаартай төлбөрийн баримтыг ажил гүйлгээ гарсан тухай бүрт олгох ёстойг анхааруулаад байна.
Иймд Хорооны зохицуулалтын байгууллагууд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид Татварын Ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу харилцагч, үйлчлүүлэгчдэдээ сугалааны дугаар бүхий НӨАТ-ын баримтыг заавал олгож байх шаардлагатай.