Аргаа барсан бүсгүйчүүд тэсгим хүйтэнд нүцгэн чавган жагсав

2018 оны 01-р сарын 30 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27591459_1291891514275677_1585890343_n

Өмгөөлөгч Х.Бат-Ялалтын тэргүүлдэг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын дэргэдэх “Худалдаачдын холбоо”-ны гишүүн эмэгтэйчүүд МАН-ын байрны гадна хагас нүцгэн жагсаал хийлээ. Тэд энэхүү жагсаалаараа амьжиргаагаа залгуулж буй бизнесийг нь төрөөс албадан устгаж байгааг эсэргүүцэж,эрх баригчдад албан шаардлага хүргүүлжээ. Тэмцэгчид Засгийн газарт арваннэгдүгээр сарын 28-нд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг өнөөдрийг хүртэл аваагүй тул ийнхүү жагсахаас өөр аргагүйд хүрснээ учирлаж байна. Идэр есийн жавар хацар хайрч байхад нүцгэн чавган жагсаж байгаа бүсгүйчүүдийг харсан хүн бүр “Эрүүл мэндээ бодохгүй яав даа” хэмээн харамсаж байсан. Зарим хүн “Юмны ард үлдэж сурсан Х.Бат-Ялалтыг өөрөө нүцгэл” хэмээн шаардаж байв.

Жагсагчдыг ахалж буй бололтой бүсгүй хүйтэнд даарч дагжин байвч тэмцлээсээ ухрахгүй гэдгээ илэрхийлж, “Цагаан сар болох гэж байна,бид ямар ч мөнгөгүй байна. Даарч, өвчтэй болсон ч хамаа алга,үгээ хэлнэ,тэмцэнэ. Бид төр засгийнханд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч одоог болтол хариу өгсөнгүй.

Тиймээс бид эрүүл мэнд, нэр төрөө гаргуунд нь гаргаж энэ жагсаалыг зохион байгуулж байна. Хариу өгөхгүй бол долоо хоног бүр жагсаал зохион байгуулах болно. Зулын гол болоход ч бэлэн байна” гэж хатуухан хэлэв.

Тэдний шаардлагыг МАН-ын төв байрны эрхмүүд хүлээн авч,МАН-ын хуулийн зөвлөх жагсагчидтай уулзсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх