Архангай аймгийн Тариат сумынхны үйлдвэрлэсэн “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний гадна талбайд өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 80 гаруй малчин өрх оролцож,уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ борлуулж байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр хоёр удаа шалгарсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир, Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин болон албаны хүмүүс оролцлоо. Тариат сумын ЗДТГ,нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй түншлэн ажилладаг аж.