ЦЕГ-аас цахим ертөнцөд гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэв. Бусдын фэйсбүүк хаяг руу дураараа нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчид ямар арга хэрэглэдэг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, тэдний найз нөхөд, хамаатан садан руу мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаарддаг байжээ. Тэдгээр бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж одоогоор 40 орчим хохирогчийг залилсан 10 хүнийг шалгаж байна. Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудаст хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөрт 9911…, 9910…, 9909…, 8811… зэрэг дугаартай эздийн фэйсбүүк хаягийг олж, нэр болон паспорт дээр нь утасны дугаарыг хийж, нэвтрэн гэмт хэрэг үйлддэг байжээ. Дээрх 17-20 насны 10 хүнээс Ш, Т, Н, Э, Д нарыг дайчлан баривчилж, гурвыг нь цагдан хорьж, 7 этгээдийг батлан даалтаар таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж албаныхан мэдээллээ. Тиймээс иргэд өөрсдийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангаж, нууц үгээ аль болох энгийн байдлаар хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас өгсөн өнөөдрийн мэдээллээр олон нийтэд сануулж байна.
Н.Цэцгээ