Х.Баттулга: Намайг ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар, нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая

2018 оны 01-р сарын 22 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (9)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018-01-21/ Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан бол үдээс хойш нийслэлийн Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй Монгол бөхийн өргөөнд уулзаж, ярилцлаа.

Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянзүрх, Багахангай дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өнөөгийн эдийн засгийн байдал, бүс нутаг, олон улсын байдал, алдаа оноо, аймаг, сум… гээд олон талын мэдээлэл цуглуулж ажиллалаа. Мөн “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, улсын хэмжээнд анхаарах ёстой олон сэдвээр иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг ч бас сонсож, мэдэж байгаа байх.

Өнөөдөр төрийн бодлогыг эргээд харахад иргэд рүүгээ хандсан төрийн бодлого алдагдсан байна. Үүний үр нөлөө нь Монгол Улсын иргэд өр, зээлийн дарамтад орсон байдал юм. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбараа хөгжүүлж, түүхий эдээ шууд гаргадаг байдлаа зогсооё гэсэн бодолтой байгаа” гээд иргэдийн саналыг сонсож, ярилцав.

Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн Баасандаш


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг сүүлийн 3, 4 жил ярилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмний саналыг аваагүй. Хоёрдугаарт, Монголын нийгэмд хуримтлагдсан асуудлыг энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэхгүй, аахар шаахар хэрэгцээ багатай өөрчлөлт болох нь гэж ажиглаж байна. Тиймээс шинэ өөрчлөлтийг хүлээж авах боломжгүй гэдгийг танаар дамжуулан уламжилъя. Зах зээлийн эдийн засагт шилжинэ гээд 27 жил болж байгаа ч төвлөрөл захиргаадалт улам их болсон байна. Удирдлагын мерит зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Өнөрсайхан


Миний бодлоор биднийг зовоож байгаа гурван асуудал байна. Гадаад өр, ард түмний өр, эцэст нь архины хэмжээгүй хэрэглээ асар их зовоож байна. Архи үйлдвэрлэл бол бизнес биш. Би мужаан хийдэг хүн. Намайг мужаанчин гэж дууддаг. Тиймээс архи үйлдвэрлэдэг хүнийг мэдээж архичин гэх ёстой. Тэд ашгийн төлөө ажиллаж, ард түмнийг архинд живүүлж байна. Архи 100, 200 граммаар савлаж, бидний мөнгөний чадамжид тааруулж асар их ашиг олж байна. Энэ ашгаас эмзэг бүлгийн иргэдэд зориулмаар байна. Архинаас болж дайны байдалд орсон юм шиг болж байна гэдгийг анхааруулмаар байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Дамдин


Ерөнхийлөгч таны бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн алхмуудыг дэмжиж байгаа. Олон удаа иргэдтэй уулзсан мэдээллүүдийг тань үзсэн, ойлгож байгаа. Танаас бид мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг шахаж, шаналгамааргүй байна. Ерөнхийлөгч УИХ-ыг удирддаг, Засгийн газрыг захирдаг ч хүн биш. Гэхдээ энэ бүхнийг хийх хэрэгтэй болоод шахаж, шамдуулж байгаа гэж ойлгож байгаа шүү.

Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Ж.Сайнтогтох


Та хэдэн жил ч Ерөнхийлөгч сууж болно. Харин Ерөнхийлөгч байх хугацаандаа бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Монголын ард түмнээс монголчууд Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу, гэдгийг асууж өгөөч гэж хүсмээр байна. Монголын ард түмний ихэнх нь хариуцлагатай, хариуцлага хүлээж чаддаг төртэй байхыг хүсэж байна.

Баянзүрх дүүргийн иргэн


Монголчууд амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Гэтэл 10 хар нүглийг цуглуулсан Саарал ордныг яалтай вэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй байх ёстой. Хэлэхэд ичмээр зүйлс ч хийж байна. Түүнийг УИХ-ын гишүүд хийгээд шившгээ тарьж байна. Тэгэхээр саарал ордныг ямар төрийн байгууламж гэж хэлэх вэ. Эсвэл нүглийн орон гэж хэлэх үү.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Эрдэнэжаргал


Монгол Улсад засаглалын, сэтгэлгээний хямрал явагдаж байна. Хөдөөгийн анги дүүргэлт 15 байхад, хотод 50 гаруй хүүхэд нэг ангид сурч байна. Хот, хөдөөгийн ялгаа гаарлаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар хөгжмөөр байна.

Баянзүрх дүүргийн иргэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж бодож байна. Хэрвээ, оруулбал хориг тавих ёстой. Үүнээс гадна ажил хийдэггүй 76 гишүүнийг тараах хэрэгтэй. Засгийн газраа огцруулчихаад одоо дахиад огцруулна гэж яриад байна. Монгол Улсад хариуцлагагүйн зуд нүүрлэжээ. Ерөнхий сайдаасаа эхлээд багийн Засаг дарга хүртэл хууль биелүүлэхгүй байна. Юм хийж байгаа хүнээс л татвар авах юм. 76-г ард түмэнтэйгээ нийлээд огцруулмаар байна. Таныг санаачилга гарвал, ард түмэн таны талд байгаа шүү гэж хэлмээр байна.

Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн Пунсалдулам


Бүх монголчуудын сэтгэлийг зовоосон, дотрыг түгшээсэн асуудлууд олон гарч байна. Тиймээс Монгол Улсыг цаазын ялтай болгож өгнө үү. Янз бүрийн муухай асуудал гарч байна. Хэлэхэд хүртэл, амнаас гарахгүй муухай хэргүүд гарч байна. Мөн монголчууд архин далайд живж байна. Энэ асуудлыг ярьж, цагдаж өгөх хэрэгтэй байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Баярлалаа. Нийтдээ 90 орчим хүн өөрсдийн санаа, бодлыг хуваалцлаа. Ахмадууд тэтгэврийг нэмсэн шиг нэмэх асуудлыг уулзалт бүрээр ярьж байна. Нэгэнт иргэд та бүхэн ийм асуудал олноор ярьж байгаа тул цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх хууль санаачлах боломж надад нээгдэж байгаа юм шүү. Та бүхний хүсэлтийг хүлээж аваад УИХ-д өргөн барина. Харин дүүргээсээ сонгогдсон гишүүдээ шахаж ажиллаарай.

Би уулзалтуудаа утаа ихтэй үед хийж байгаа. Цагаан сар дөхөөд утаа мартагддаг, дараа нь 3, 4 сар болж наадам дөхнө. Ингэж явсаар байгаад өвөлтэй золгож дахиад л утаагаа ярина. Ийм байдалтай олон жил явж байгаа учраас утаатай холбоотой асуудлаар уулзалтууд хийж байгаа. Утаанаас салахгүй бол улсаа хөгжүүлнэ гэж байхгүй. Тиймээс би утааг арилгахдаа ажилгүйдэл, ядууралтай нь хамт арилгая гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд, том бүтээн байгуулалт зарлаад иргэдээ ажилтай болгох бодлого барьж байгаа. Ингэсний дараа иргэд орон сууцны зээлэнд хамрагдах хэмжээний орлоготой болно. Өнөөдөр айл өрхүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжээс халихгүй хэмжээний бага орлоготой байгаа үед иргэд өндөр хүү төлөөд орон сууцанд орж чадахгүй.

Би Яармагийн дэнж дээр өссөн, гэр хорооллын хүүхэд. Одоо хүртэл манай ээж Яармагт амьдарч байна. Тиймээс утаа, ядуурлын асуудлыг ойлгодог. Утаагүй зуух гэж байхгүй. Тиймээс зуухны шахаагаа больж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй юм. Ажлын байрыг зориудаар бий болгож, бүтээн байгуулалтыг бий болгоё гэсэн энгийн бөгөөд тодорхой санал хэлж байгаа. Энэ талын гарц, судалгаа бий. Би зөвхөн Ерөнхийлөгч болчихоод энэ тухай яриад байгаа юм биш шүү. Зөвхөн газраа ухаж баяжина гэж байхгүй. Улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн газраа ухаад, энэ бизнесээрээ өөрсдийгөө болгоод яваад байгаа. Харин иргэд ажилгүйдэл, ядуурал энэ чигээрээ явах юм бол улам доошлох гээд байна. Бид одоо л энэ асуудлуудаа ярихгүй юм бол цаашдаа улам доройтно. Үүнээс илүү доройтож, өр зээлэнд орж болохгүй.

Би “Намайг нийт ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар. Нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая” гэж У.Хүрэлсүхийн Засгийн газартай ярьсан. Монголчууд бидэнд бүх төрлийн чадвар, боломж байгаа учраас би бардам ярьж байгаа шүү. УИХ, Засгийн газрыг огцруулж тараах гээд байгаа юм биш. Хэрвээ, ажлаа хийхгүй бол иргэд УИХ, Засгийн газарт дургүйцэж байгаа бол би иргэдийн талд байгаа шүү л гэж яриад байгаа юм” гэлээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. bnaa
     (192.168.8..***)
    2018/01/22 14:54

    zeb snuu

    (0) (0)