Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой

2018 оны 01-р сарын 19 өдөр, 16 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Munhbaatar

УИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр манай улсын эмч нар өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн, энэ чиглэлээр ахицтай ажиллаж байгаа. Нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ хуулийг санаачилж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Хуулийн төслийг сайжруулах чиглэлээр хэдэн санал хэлье гэж бодож байна.

Хуулийн төслийн нэр хэр оновчтой вэ. Донорын тухай хууль гэж яваад байгаа. Донор гэдэг бол энэ хуульд зааснаар эд эрхтэн, цусаа өгч байгаа хүнийг хэлнэ. Гэтэл цаана нь донороос эд эртхэн, цусыг нь авч байгаа хүн байна. Энэ асуудлыг зохицуулж байгаа эрүүл мэндийн байгууллага, тодорхой алба байна гээд заачихсан. Энэ өргөн хүрээтэй харилцааг зохицуулж байж, зөвхөн донорынх нь асуудлыг зохицуулж байгаа мэтээр Донорын тухай хууль гээд хийчихээр хуулийн маань агуулгыг нэр нь илэрхийлж чадахгүй байна. Хууль тогтоомжийн хуулиар ч тухайн  хуулийг агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой. Тэгэхээр нэрний асуудал хэр оновчтой вэ.

Зөвхөн Донорын тухай гээд явчихаар цаашдаа зарим зүйлүүд нь хоорондоо логикгүй болчихож байна. Донорын талаарх Засгийн газрын бүрэн эрх гэдэг юм уу ингээд явчихдаг. Хоорондоо уялдахгүй бол бусад асуудлууд нь орхигдчихоод байна. Иймээс энэ хуулийнхаа нэр томъёон дээр ямар бодолтой байна. Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн нэр томъёо чинь илүү оновчтой юм бишүү. Энэ нь бүрэн дүүрэн илэрхийлэх байх гэж бодож байна. Мөн зарим зүйлүүдээ тодорхой болгомоор харагдаж байна. Төслийн наймдугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрх гээд заачихсан. Харьяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд бүрэн эрх хэрэгжүүлнэ гэсэн. Ерөнхий заачихаар тодорхойгүй болчихдог юм. Хууль тогтоогчдын гаргаж байгаа нэг алдаа бол нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрх гээд ерөнхийд нь заачихдаг. Энэ дотор нь аймаг, сумын Засаг дарга, багийн Засаг дарга нь ч орно. Тэгэхээр ямар асуудал гарах вэ гэхээр аймгийн Засаг дарга нь хогны асуудлаар хураамж тогтоочихлоо гэхэд сумын Засаг дарга нь илүү тогтоочихдог ч юм уу.

Энэ хуульд гамшгийн үед цусны нөөц бүрдүүлэх чиглэлээр тодорхой чиглэл өгсөн бүрэн эрх гэхээр аймагт байх юм уу, эсвэл сумын Засаг дарга бас нөөц бүрдүүлэх юм уу гээд ойлгомжгүй асуудал үүсч байна. Тиймээс энэ асуудлыг жаахан  тодорхой болгомоор байна.

18 дугаар зүйлийн 2-т амьд донороос эд эрхтэн авахдаа тухайн авах бол тухайн гэр бүлийн гишүүдээс авна гээд анхны хэлэлцүүлгээр шийдчихсэн. Гэхдээ гэр бүлийн гишүүнийг тодорхой зааж өгөөгүй байгаа юм. Гэр бүлийн тухай хуульд зааснаар ойлгоно гэж үзвэл зөвхөн нэг гэрт байгаа хүмүүсийг ойлгоно. Гэтэл хамт нэг амьдардаггүй ч гэсэн гэр бүлийн хүмүүсийг нь хамруулах шаардлага гарч ирж магадгүй. Иймээс үүнийг бас тодорхой зааж өгмөөр байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх