Биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ

2018 оны 01-р сарын 17 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1eubtbkvtdl1q7qr6vdvsd29m8

Монгол орны хөрснөөс биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ

Дэлхий дээр шинээр нээх юу ч үлдээгүй гэж боддог хүн цөөнгүй байж болох юм. Гэхдээ хорвоо ертөнц дэндүү уужим, ялангуяа Монгол оронтой холбоотой шинжлэх ухааны нээлтүүдийн талаархи мэдээлэл маш бага дуулддаг.

Тэгвэл судлаач Доктор О.Билгүүн нь “Монгол орны хөрсөн дэх актинобактерийн зүйлийн бүрдлийн судалгаа, тэдгээрийн биологийн идэвхийн боломжууд” сэдвээр судалгааны ажил хийсэн байна. 2017 оны наймдугаар сард Монгол орны хөрснөөс шинэ зүйлийн актинобактерийг илрүүлсэн талаархи сонирхолтой судалгааны ажлын зарим үр дүн нь олон улсад Микробиологийн шинжлэх ухааны чиглэлээр өндөр нэр хүнд бүхий International Journal of Systematic and Evolutionary Microbiology (5-year Impact Factor: 2.488) сэтгүүлд хэвлэгджээ.              Шинэ зүйлийн актинобактерийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нүүрсний уурхай орчмын хөрсний дээжээс авч ялгасан байна. Актинобактери нь хүчиллэг орчинд дуртай учраас Amycolatopsis acidophilus гэж судлаач О.Билгүүн нэрлэсэн аж.. Мөн зарим өвчин үүсгэгч бактери болон хөдөө аж ахуйн ургамлуудын паразит мөөгөнцрийн эсрэг биологийн идэвхт бодис ялгаруулдаг юм байна.

Сонирхуулахад дэлхий дээрх байгалийн гаралтай эмчилгээний зориулалтаар ашиглаж буй антибиотикийн төрлийн эм, бэлдмэлийн 70 орчим хувийг актинобактериас гарган авдаг талаарх тоо мэдээ байна.

Дээрх судалгаа нь уул уурхайгаас гадна биотехнологийн салбар нь Монгол улсын эдийн засагт ирээдүйд дорвитой хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна.

Цаашид актинобактеритэй холбоотой нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийх, Биотехнологи-Микробиологийн аргаар биологийн идэвхтэй бодисуудыг шинээр нээн илрүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, генетик-микробиологи-биоинформатикийн чиглэлээр орчин үеийн техник технологи бүхий багажууд дээр ажиллах мэргэжлийн судлаачдыг бэлтгэх, биотехнологийн тэргүүлэх чиглэлүүдэд инновацийн төслүүдийг санаачлан эхлүүлэх, санхүүжүүлэх шаардлага Монгол улсад тулгараад байна.

Судалгааны талаар доорх линкээр орж үзэх боломжтой:

http://ijs.microbiologyresearch.org/content/journal/ijsem/10.1099/ijsem.0.002126

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх