Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.
Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэв.
Европын холбооны “хар жагсаалт”-аас гаргахад дэмжлэг хүсэв
2018 оны 01-р сарын 13 өдөр, 19 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )