Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэлнэ. Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ням гаригт өндөрлөнө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өмнөхөөс онцлогтой болно гэж зохион байгуулагчид ярьж байна. Учир нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж эхлэх шинэ жингээр явагдах юм. Өөрөөр хэлбэл,эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна. Тэмцээнд Дэлхийн бөхийн холбооны баталгаажуулсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглахаар болсон. Үүнээс гадна жин тус бүрт амжилттай оролцсон тамирчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгодог уламжлал хэрэгжинэ.
Орхон аймагт 2003 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бол15 жилийн дараа дахин шилдгүүдийг тодруулах тэмцээн энд болох нь. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний/ДАШТ/ сорил тэмцээнд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.