Зуу гаруй айл өрх газраа чөлөөлвөл Нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Ингэснээр агаар хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна.
УИХ-ын даргын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар Боловсруулсан түлшний үйлдвэр болон хотын дэд төвүүдийн үйл ажиллагаа, утаа хамгийн ихтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэгтэй танилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар амбулатори нь ахмадын хэвтэн эмчлүүлэх 35 ортой тасагтай бөгөөд нийслэлийн хэмжээнд харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог.
Тус төв нь төвийн халаалтын систеэмд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, төвийн халаалтгүй тул үйлчлүүлэгчээс гомдол тасардаггүй.
Иймд Улсын их хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгүүлсэн бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага, ажилтнуудад мэдээлэл хийлээ.