Баян-Өлгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүнтэй холбоотой таагүй мэдээлэл сошиалаас хальж хэвлэл мэдээллээр түгж байна. Тэрээр 2017 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа төрийн өндөр албан тушаалаараа далайлган Б. гэх бүсгүйг элдвээр “оролдон”, түүнийг садар самуунд уруу татахыг завдсан аж. Бүсгүйг бэлгийн харьцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж дарамталжээ. Эрхэм гишүүний бүсгүйд үзүүлсэн дарамт чангарсаар түүнийг хэл амаар доромжлон, нүцгэн шалдан зургаа илгээснээр үргэлжилсэн байна. Энэ байдлыг нь олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө Д.Мурат бүсгүйг зодож танхайрчээ.
Хохирогч бүсгүй Д.Мурат гишүүний ёс суртахуунгүй аашилсныг хуулийн байгууллагад хандаж гомдол гаргасан боловч өнөө хэр хариу өгөөгүй аж. Аргаа барсан бүсгүй шинэ оны өмнөхөн АН-ын дарга С.Эрдэнэд өргөдөл гарган Д.Мурат гишүүнтэй хариуцлага тооцохыг шаардсан байна. Харин өнөөдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай УИХ-ын гишүүн Д.Муратыг дуудаж уулзана гэдгээ мэдэгдсэн байна. Албан тушаалын байдлаа буруугаар ашиглаж явдаг Д.Мурат гишүүнтэй АН эрхбиш хариуцлага тооцно,эрхэм гишүүн буруугаа хүлээж уучлалт гуйна гэдэгт Б. бүсгүй итгэж байгаа аж.
Н.Дөл