Тэтгэврээ барьцаалан 12 хувийн хүүтэй зээл авч болно

2018 оны 01-р сарын 05 өдөр, 13 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tetgever

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурлаа.

Ийнхүү энэ сарын 16-наас эхлэн иргэд тэтгэврийнхээ 70 хүртэлх хувийг 12 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган иргэн арилжааны 10 банкаар дамжуулан тэтгэвэр авч байна. Үүнээс 230.8 мянга нь нийт 680.9 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авчээ.  Хаан болон Төрийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сараас 6 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхэлэн. Гэвч хугацаа хэт богино тул энэ төрлийн зээл авах боломжтой иргэд цөөн байгаа юм. Тиймээс Засгийн газраас тэтгэвэр авагчдын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хүүг бууруулах эхний алхмыг хийж буйг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.

Тэрээр  “Ер нь бол гадаад орнуудад иргэдийн орлогыг барьцаалж зээл олгохыг хуулиар хориглодог. Манай улсад бол тэтгэврийн зээл олгох бодит хэрэгцээ байгаа тул шууд зогсоох боломжгүй. Гэхдээ цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг хийх чиглэлд судалгаа явуулах болно” хэмээн ярив.

Санамж бичигт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх