Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын гишүүн асан,”Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь баячуудын хүүхдүүдийн бохир булхайг дэлгэж, ноцтой гэгч “лайв” хийж Монголын нийгмийг хирдхийлгэсэн билээ. Түүний ярьсныг зарим хүн эсэргүүцэн элдэвлэж байхад зарим нь эцэг эхийнхээ олсон,луйвардсан бохир мөнгөөр жарган цэнгэж,бусдыг дорд үзэн хүчийг үзүүлж буй залуусын үнэн нүүр царайг илчиллээ хэмээн талархаж байсан. Биедээ баймгүй зориг гаргаж, мансуурал,хүчин,танхайн хэргийг илчилж нийгмийн бузар булайг өчүүхэн боловч шүүмжилсэн охинд “баярлалаа” гэх ёстой. Г.Номуундарь нийгмийн сүлжээгээр мансууруулах бодис, хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар палхийтэл мэдээлсэн нь олон хүнийг ангайтал гайхшруулсан. Нэр дурдагдсан залуус өөрийгөө “гэм зэмгүй мөрөөрөө” явж байсныг тайлбарлаж бас л олныг эргэлзэхэд хүргэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагынхан ямархуу байр суурьтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хамгийн гол нь янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг анхааруулж байсан. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлснийг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч шинэ жил,ёолкны сүрд дарагдан уг хэрэг намжсан. Харин өнөөдөр Г.Номуундарийн мэдээлэлд нэр нь дурдагдсан таван залуугаас байцаалт авч эхэлсэн тухай сошиалаар тархаж эхлэв. Юутай ч өөрсдийгөө буруугүй хэмээн тайлбарлаж байсан “Амжилтаа Ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр,Бэлгүүнтэй, Э.Энх- Очир. А.Тэргэл нарыг шалгаж эхэлсэн нь сайн хэрэг. Яаж ч бодсон ”энхийн цагаан тагтаа” мэт гэм зэмгүй залуусыг хэн нэгэн охин гэнэт нэр төрийг нь санаатайгаар гутаая гээд шийдээд,өглөө сэрэнгүүтээ лайв хийсэн гэдэгт нийгэм даяараа итгэхэд бэрх. Хэн нь үнэн,хэн нь худал ярьсныг эрхбиш тогтооно гэдэгт найдах үлдэв.
Н.Дөл