Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ

2018 оны 01-р сарын 04 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mongol bank

Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.

Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.

Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.

Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.

Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт  хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.

Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.

Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм.  Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2018 он.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх