Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы энэ оны отгон хуралдаан буюу өнөөдрийн (2017.12.28) нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 57.3 хувийн ирцтэй эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон, Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан үг хэлж, Монгол Улсын нийт иргэд, даян дэлхийд амьдарч, ажиллаж буй монгол ахан дүүс, элгэн садан, өлмий нэгт монгол туургатнууд, олон газрын монгол судлаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдөр Монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм. Нэгэн үе дэлхийг эзэгнэн, хүн төрөлхтөнийг хөл хөсөр, гар газар тавиулж энх амгаланг тогтоож явсан бидний өвөг дээдэс цагийн эрхээр бусдын эрхшээлд орж, бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг.
Харин тэр гашуун түүхийг туулж, хожмын үр хойчис бидэндээ туурга тусгаар төр улсаа дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд өнөөгийн бидний зогсож буй Хан уул, хатан Туулын хөндийд болж байжээ. 1911 оны өвлийн тачигнасан тэр өдрүүдэд Чингис эзэн Богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд, шашин номын мэргэдийн онч мэргэн шийдэл, үл цөхрөх зүтгэл нь биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Ази-Европын олон улс орнуудаас хамгийн магнайд эрх чөлөө, төр, улсын язгуур соёл, уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол, олон улсын хандлагыг нэн тэргүүнд мэдэрч, тусгаар тогтнолын үйл хэргээ хэрэгжүүлж чадсаныг түүхч эрдэмтэд нотолдог.
Монголчуудыг дэлхийн их гүрнүүд, бусад Ази, Европын улс түмэн “мартагдсан монгол” хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам, цус, мэргэн төрийн хэзээ ч үл тасрах өвийг хадгалсаар байжээ. Тийм учир Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа, үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлалаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол Улсаа уугуул газар нутагт нь дахин мэндлүүлснийг Та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна гэдгийг онцлов.
Тэрбээр цааш хэлэхдээ, 106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд, төр, шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн эрэмбэ, улс төрийн соёл, төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж, үр удам, ах дүүгээ ч алдахаас айгаагүйг Монгол Улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан, нийт монгол түмэн бид үеийн үед машид хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хэзээ ч үл мартах түүх юм. Тухайн үеийн Монгол төрийн сайд, зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд “Улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээх энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч, Монгол төрд зүтгэж буй хүн бүр санаандаа санаж, бодолдоо тээж, өглөө бүр маань мэгзэм мэт бодож, шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм.
Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэлд шунах, авилга, хээл хахууль гаргах, хууль зөрчин дураар авирлагсадыг чангалан шийтгэж байсан баримтууд түүхийн шар хуудсанд үлджээ. Эмх замбараатай, эрэмбэ журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсаж баярлах ёстой. Түүх бол алдаа онооны оньс юм аа.
Гэвч Монгол Улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан, хавсран хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар санасан хэрэг сэтгэлчилэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас хувийн амиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд Нийслэл хүрээнээс буцсан, энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнэгүйдэж, хүн бүр хувиа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жилд байсан юм шүү.
Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөө, монголын сэхээтэн, худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн нь 1921 оны Ардын хувьсгал байсныг Та бид сайн мэднэ. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын их үйл хэрэг, ХХ зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм.
Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр Та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа, үнэ цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй бас онцлогтой байх болно. Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай хэмээн хүсэж байна гэлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь чуулганы өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх байсан ч хойшлогдсон Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, түүнчлэн Улаанбаатар хотын утааны тухай асуудалд анхаарлаа хандуулж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төв банк болон Банкны талаарх эдгээр хуулийн төслүүд нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан тандан судалгаа хийх, үр нөлөөг нь үнэлэх, хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоог зэргийг хийгээгүй, мөн Засгийн газраас саналыг нь авахад дэмжээгүй байна. Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг дагаж өргөн баригдсан төслүүд холбогдох Байнгын хороод хэлэлцээд төсөл санаачлагчид нь буцаах санал гаргасан байтал Эдийн засгийн байнгын хорооны дарга эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт оруулж хууль зөрчихөд хүргэж байна. Иймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Байнгын хорооны даргад хариуцлага тооцуулахаар Улсын Их Хурлын даргад хандаж байна гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, С.Бямбацогт нар дээрх хуулийн төслүүд нь шинэчилсэн найруулга биш нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан учраас ажлын хэсэг ажиллахад хүндрэлтэй байгаа, иймээс төсөл санаачлагч гишүүд нь татаж аваад шинэчилсэн найруулгын хэлбэрээр оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тул шинэ оны эхэнд Улсын Их Хурлын чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцэж Засгийн газрын шийдлийг сонсож, цаашдын арга зам, бодлого хөтөлбөр, хөрөнгө төсвөө ярилцах шаардлагатай байна гэсэн санал гаргасныг гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан улирч байгаа 2017 он маань Үндсэн хуулиар амьсгалсан он байлаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлэхэд 327 мянга гаруй иргэн оролцож давхардсан тоогоор 5 сая 600 мянга гаруй санал ирүүлсэн байна. Хэлэлцүүлэгт оруулсан 6 сэдэв бүхий 20 гаруй багц асуудлын нэлээд нь саналаа өгсөн иргэдийн 65-аас дээш хувийн дэмжлэг авсан байна. Мөн иргэд Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүй, улс төрийн намуудын хариуцлага, санхүүжилт, улсын төсвийн хөрөнгийн үр ашиг, гадаад зээл, өр төлбөрийн гээд олон асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, эдгээрийг засч сайжруулах талаар саналаа нэмэрлэсэн байна гээд Ажлын хэсэг ирэх оны эхээр Үндсэн хуульд оруулах зохих тодотголын асуудлыг бэлэн болгохоор ажиллаж байгааг хэллээ.
Гишүүдийн гаргасан саналтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банкны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн баригдаад хоёр сар, ажлын хэсэг гарч ажиллаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажлын хэсэг дээр ярилцаад гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явахаар тохирсон. Энэ хугацаанд гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хоёр ч удаа хойшлуулсан. АН-ын бүлэг хоёр төслийн хэлэлцүүлгээс завсарлага авсан.
Гишүүдийн гаргасан санал нэг бүрийг авч тусгахад анхаарч байгаа, Засгийн газраас ч саналыг нь авсан. Энэ асуудал дээр улстөржсөн зүйл байх ёсгүй гэж аль аль талдаа ойлголцоод явж байгаа. Гэхдээ ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг, хугацаа гэж бас бий. Он гараад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганд оруулах бодолтой байгаа гэсэн хариулт өгөв.
Харин Улсын Их Хурлын дарга М.Энхболд утааны асуудалд бид онцгой анхаарах ёстой. Иргэд ихээхэн бухимдаж мессеж ирүүлж, сэтгэл зовж байгаа нь ч аргагүй юм. Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, хүндрэл үүсч байна. Иймээс утааны асуудлаар Улсын Их Хурлын даргын захирамжаар Ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын түвшинд юу хийгдэж байгаа, цаашид хэрхэх талаар судалж байгаад Улсын Их Хурлаар тусгайлан хэлэлцэж, зохих шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, шинээр даган мөрдөж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс батлагдсан төсөвт нь багтаан Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн тогтоолгохоор Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолоор тогтоосон тус газрын орон тооны дээд хязгаарыг 172 болгон тогтоолд өөрчлөлт оруулахаар уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг ингэж өөрчлөн баталснаар ямар нэгэн нэмэлт зардал, санхүүжилт шаардагдахгүй юм байна.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл /Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба/, 45 дугаар зүйл /Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч/-ийг тус тус хүчингүй болгосноор Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах албаны төрийн тусгай албан хаагчийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт харьяалуулж, “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт Авлигатай тэмцэх газрын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед 2014 оны төсвийн тодотголоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 47 орон тоог шилжүүлсний дараа Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаар, бүтцийг Улсын Их Хурлын тогтоолоор шинэчлэн батлуулахаар төлөвлөж, зохих шийдвэр гарах хүртэлх хугацаанд шилжин ирэх 47 орон тоог тус газрын бүтцийн нэгжүүдэд түр хуваарилан баталж, зохион байгуулалтын түр арга хэмжээ авах зөвшөөрлийг Улсын Их Хурлын даргаас хүсч 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/2168 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Хүсэлтийг судлан үзээд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/1856 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Монгол Улсын 2014 оны төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газарт шилжин ирсэн 47 орон тоог бүтцийн нэгжүүддээ түр хуваарилан баталж, хэвийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дэмжиж, байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангах төсвийн санхүүжилтийг тухай бүр нь тавьж зохицуулах, Авлигатай тэмцэх газрын орон тооны дээдё хязгаарыг хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас шинэчлэн батлах тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгджээ.
Харин “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.1, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр орон тоо нэмэхгүйгээр төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, сул орон тоонд томилгоо хийхгүй байх талаар бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгосонтой холбогдуулан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 47 орон тооноос 20 орон тоог хэмнэж бууруулан, 27 албан хаагчийн орон тоог хүлээн авч, байгууллагын бүтцийн орон тоог 172 байхаар шинэчлэн тогтоож ажиллаж ирсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлт болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, М.Оюунчимэг нар Хууль зүйн байнгын хороо болон Авлигатай тэмцэхм газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нараас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ асуудлын талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.
Байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн явуулах санхүүгиийн боломжит хэмжээнд бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг “Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтыг хангуулахаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг нэмсэн бөгөөд Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйийн 29.6 дахь хэсэгт зааснаар тус газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог учраас цалин нэмэгдээгүй, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 55 дугаар тоггоолоор тогтоосон хэмжээгээр байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо батлагдсан төсвийн хэмжээг харгалзан 2018 оны төсөвт батлагдсан цалингийн сандаа багтаан 30 хувиар нэмэгдүүлэн тооцжээ. Энэ онд тус газрын албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэн тогтоож, хэлтэс, албаны туслах ажилтныг жагсаалтад нэмж оруулснаар төсвөөс ямар нэгэн нэмэлт санхүүжилт шаардагдахгүй бөгөөд байгууллагын 2018 оны төсвийн нийт зардалдаа багтаан зохицуулах боломжтой юм байна.
Байнгын хорооны санал, дүгнэлт болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, С.Чинзориг, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд хууль хяналтын байгууллагын ажилтнуудын цалинг ингэж ээлж дараалан нэмээд байдаг атлаа төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш огт нэмээгүй байна. Иймээс цаашид төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг цогцоор нь авч үзэж нэгдсэн байдлаар зохицуулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай тогтоолын төслийг баталлаа.
Улсын Их Хурлын дарга намрын чуулганы отгон хуралдааныг хааж үг хэллээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы энэ оны отгон нэгдсэн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм.
Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 525 хууль баталснаас бие даасан хууль 56-г баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 162 тогтоол баталжээ.
Өмнөх Улсын Их Хуралтай харьцуулахад 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53.5 хувиар, баталсан тогтоол 20-иор буюу 14.1 хувь өндөр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.
Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ.
Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын шийдвэрүүд зохих үр дүнгээ өгч байгаа нэгээхэн жишээ бол эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн явдал юм гэдгийг онцлов.
Тэрбээр цааш хэлэхдээ, өнгөрч буй онд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд байгуулагдсан 13 ажлын хэсэгт давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, танилцах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн хяналт шалгалтын мөрөөр Улсын Их Хурлын 2 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.
Ерөнхий сайд, Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан Улсын Их Хурлын 17 гишүүнээс 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.
Нэгтгэн дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зохих ёсоор, амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна гээд шинэ онд амжилтаа улам бататгаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэх, олон түмнээс гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд, Байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүд, нийт ард иргэддээ маргааш тохиох Монголын ард түмний бахархан дурсвал зохих түүхт үйл явдал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.