Генийн өөрчлөлттэй жимс ногоо хортой, идэж болохгүй гэж ярьдаг болгоомжилдог цаг үеэ элээв бололтой. Дэлхийн жимс, ногооны томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Del Monte” компани арав гаруй жил судалгаа явуулсны эцэст генийн өөрчлөлттэй, ягаан ханборгоцойг АНУ-ын зах зээлд борлуулах эрхээ авчээ. Тун удахгүй ягаан хан боргоцой худалдаанд гарч,хүмүүс амтархан идэх аж.
Тус компанийн эрдэмтэд ердийн хан боргоцойнд агуулагдах ферментийн хэмжээг багасгаж, шар өнгийн будагч бодисыг ягаан болгон хувиргажээ. Ягаан өнгийн сортыг гаргаж авахын тулд энгийн хан боргоцойг эрлийзжүүлэн, улаан лоолийн өнгө бүхий ликопин гэх пигментийг нэмсэн юм байна. Ликопин нь лоолийг улаан, тарвасыг ягаан байлгадаг будагч бодис бөгөөд одоо хан боргоцойнд ч байдаг болох нь.
Ягаан өнгийн хан боргоцой нь ердийнхөөс илүү чихэрлэг амттай, хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг эрдэмтэд баталжээ. Энэхүү жимсийг зөвхөн Коста Рика, Хавай дахь үржил шимтэй тариалангийн талбайд ургуулж байна. Мөд генийн өөрчлөлттэй ягаан хан боргоцой дэлхийгээр тарж, хүн бүр идэх нь тодорхой болжээ.