Улаанбаатарынхан утаандаа хахаж үхэх гэж байхад дарга нар “Хангарьд”-аар гоёв

2017 оны 12-р сарын 26 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa

Өчигдөр Улаанбаатар даяараа хар утаанд хахаж үхэх дөхөж байхад хотын дарга нар шилдэг дарга нараа шалгаруулж цэнгэн хөгжилдөв. Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа болж баахан дарга нар уг шагналын эзнээр тодорчээ. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн өнөө цагт ард олноороо тамираа тасалж, хаврыг тэсч ядан хүлээж байна. Улсаа хөгжүүлж,нийслэлээ гоё болгож байгаа дарга нарын бие биеэ алдаршуулан шагнаж байгаа нь ч, ихэмсгээр шагнал гардаж байгаа нь ч ичих зовохгүй инээд алдаад л байх юмаа. Улсын нийслэлд амьдарч байгаагийнхаа төлөө битүү хорт утаанд амьдарч, бахардталаа ханиалгаж хахаж цацан зовж байдаг азгүй хүмүүс ээ,бид. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн байгуулсан гавьяаг үнэлж,”Алтан хангарьд”-аар шагнажээ. Түүний хийсэн ажлыг хотын дарга чанга дуугаар зарлаж шагналыг гардуулж байхад хөөрхий иргэд утаанд ухаан нь балартан зүдэрч байна.   Нийслэл хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан гавьяа Т.Гантөмөрийнх гэнэ. Дараагийн “Хангарьд”-уудын мөнгөнийг нь   Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, хүрлийг нь Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан нар хүртжээ. Тусгай “Хангарьд”-уудыг бас л 6 дарга хүртжээ. Хотын утааг багасгахад хувь нэмрээ оруулсан гэх номинаци байсангүй.

Хотын бид үнэхээр новшийн амьдарч байна даа гэж утаа залгигч хүн бүр гомдоллоно. Тэгсэн мөртлөө шинэ жил ёолк гээд л хөл алдан баярлацгаана. Шампаан дарсаа утаагаар даруулаад л хүртчихнэ. Сайхан байна гээд л оройжин тулгана. Хоолойгоо сөөтөл дуулна, эцэж цуцталаа бүжиглэнэ. Тэгээд л утаан дундаа бүдчин харина. Энэ бол бидний амьдралын үнэн.  Улаанбаатарын агаарын бохирдол, утаа үхлийн дээд хэмжээнд хүрээд арван хэдэн жил өнгөрөхөд 200 гаруй тэрбум төгрөг,гадаадынхны хандив тусламж гээд өгсөн хэдэн мянган долларыг зүгээр л залгичихаж. Үе үеийн дарга нар утаагүй зуух,шахмал түлш,утаа шүүгч, гэрийн давхарга гэх мэтчилэн  үлгэр ярьсаар харин ч баяжсан бус уу. Утааны гамшгаас шалтгаалсан ханиад томуунд давхар дарлуулж,арайхийн олсон хэдэн бор цаасаа эм тарианд өгч байна. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, өвчтөнүүдээ шалан дээр “зулчихаад” байж байна. Аргаа барсан Ерөнхийлөгч ханиад томууны үеэр ард түмэн хичнээн зүдэрч байгааг мэдэхээр эмнэлгүүдээр гэнэт “айлчлав”. Байдал хүндхэн байгааг нүдээрээ үзэв. Одоо бид яах вэ. Улаанбаатараа орхиод орон гэрээсээ дайжаад хаачилтай. Ерөнхий сайд утааны голомтод ажиллахдаа маск зүү,ингэж зүү гээд баахан рекламдсан. Ерөнхий сайдынхаа хэлснийг эцгийн захиас мэт  үг дуугүй  дагаж олноороо маск худалдан авч зүүснээр наймаачдад орлого оруулав. Эрхэм дээдсүүд утааг арилгахын тулд юу  хийж чадахсан билээ дээ, хар утааг үлээж зайлуулалтай биш дээ. Хөөрхий улаанбаатарчууд өвлийн турш утаанд хордож,утаа ярьсаар хаврын хавсаргатай золгодог. Утаа салхинд хөөгдөөд арилахтай зэрэгцээд яажшүүхэн зовж өвлийг давснаа мартана. ах ч арга байхгүй.нөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өдрүүдийг бодвол хэд дахин ихэссэн байгаа нь иргэдэд мэдрэгдэж байна.

Тухайлбал,12 дугаар сарын 24-25-ны өдрийн 01:00-14:00 цагийн хооронд нийт агаарын чанарын индекс 236-2,118 болтол өссөн бол том ширхэгт тоосонцор 153-2,119 болжээ. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл 1,146-4,783 болж нэмэгдсэн байна гэж агаарын чанар шалгагчид ярьж байна.

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх