Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиад 18 дахь жилдээ амжилттай зохиогдлоо

2017 оны 12-р сарын 22 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
548336299d1a2e361305afe94b16a87e
“Монголын физикийн боловсролыг дэмжих сан” ТББ, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран жил бүр Монгол Улсын Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит Физикийн олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн 18-р бага олимпиадыг Жи Мобайл ХХК, Үй Цай дунд сургууль ивээн тэтгэсэн байна. Тус олимпиадад нийслэл болон хөдөө орон нутгаас 6-12 дугаар ангийн нийт 565 сурагч оролцсон юм. Үүнээс:
  • 6-р ангид 120 сурагч
  • 7-р ангид 125 сурагч
  • 8-р ангид 89 сурагч
  • 9-р ангид 75 сурагч
  • 10-р ангид 45 сурагч
  • 11-р ангид 49 сурагч
  • 12-р ангид 62 сурагч тус тус хоорондоо өрсөлдөж, мэдлэг чадвараа сорьсон.
Онооны дүнгээр: 
  • 1,2,3-р байранд медаль
  • 4,5,6-р байранд өргөмжлөл, шагналын хамт
  • 7,8,9-р байранд батламжийг тус тус гардууллаа.
Мөн 12-р ангийн төрөлд алт авсан сурагч С.Сумъяажавд Жи Мобайл ХХК-ийн зүгээс их сургуулиа төгсөөд хамтран ажиллах урилга өгсөн юм.

Багийн нийлбэр оноогоор Ерөнхий боловсролын “Сант” сургууль нэгдүгээр байранд орж, хоёрдугаар байранд Хобби сургууль, гуравдугаар байранд 1-р сургууль тус тус оржээ.

Ц.Ханд багшийн дунд охин, инженер Д.Алтанцэцэг:

“Миний ээж Ц.Ханд 1964 онд МУИС-ийг төгссөн цагаасаа хойш 40 шахам жил физикийн багшаар ажиллаж, 1999 онд  Монгол Улсын гавьяат багш болсон хүн. Тэрбээр Монгол улсын физикийн боловсролыг шинэчлэх, заах аргыг өөрчлөх, зөвхөн онол биш практикаар дамжуулан жинхэнэ мэдлэг өгөхийг зорьж ажиллаж байсан. Өнөөдөр физикт суурилаагүй ямар ч салбар байхаа больжээ. Философи, бурхан шашны сургааль хүртэл физикт тулгуурлаж байна. Физикийн боловсрол хүүхдэд маш чухал. Тиймээс бид физикийн боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд тодорхой зорилт тавьж ажилладаг” хэмээн ярилаа.

Ц. Ханд багшийн шавь “Шинэ Монгол Технологийн Коллежийн” Барилга Дэд Бүтцийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Мэргэшсэн Инженер Б. Наранбаатар: 

“Монгол улсад физикийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Ханд багшийн олон шавь нар Монгол орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулан зүтгэж байна. Бид 28 дугаар сургуульд 1993-2003 онд суралцаж байх хугацаандаа гайхамшигтай багшаар 7-10 дугаар ангидаа физикийн хичээл заалган, физикт дуртай болж, олимпиадын бэлтгэлд хамрагдаж, багшийнхаа нэрэмжит физикийн бага олимпиадад 2000-2003 онуудад оролцож байсан бол өдгөө энэхүү олимпиадыг зохион байгуулахаас гадна “Ц.Хандын нэрэмжит физикийн боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллагыг үе үеийн шавь, үр хүүхдүүдийнх нь дэмжлэгтэйгээр байгуулан багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.” хэмээн багшийгаа дурсан ярилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх