Тагнуулын ерөнхий газрыг хэдэн жил даргалсан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох уу, эсвэл болих уу гэдэг дээр Монголын улстөрчид сар гаруй “махаа зулгаав”. Гэвч Батын Хурц гэх шазруун эр БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдаар томилогдож чадлаа. Монголын тагнуулын дарга байсан энэ хүнийг УИХ-ын хорин хэдэн гишүүн чухам эсэргүүцэж байна гээд л байсан. Гишүүдийн олонх нь гар өргөхөд бэлэн гэдэг нь тодорхой байв. Харин Б.Хурц гишүүдийг тоомжиргүйхэн харж, басамжлан мушилзаж байсан нь яалт ч үгүй томилогдоно гэдгээ өөрт байгаа ноцтой мэдээллүүдээр баталгажуулсных байж. Цагаа тулахад Б.Хурцын өөдөөс чангахан дугарах зоригтон гарсангүй. УИХ хаалттай хуралдаж,эрхэм гишүүд түүний төлөө “за” гээд кнопоо нэгэн зэрэг дарчихав. Хуралд суудаггүй Б.Наранхүү хүртэл хар хурдаараа орж ирээд түүнийг дэмжив. Б.Хурц манай томчуул,улстөрчдийн бузар булайг илчилж мэдэх ганц хүн. Тиймээс түүнд “үгүй” гэж хэлэх хоншоортой хүн одоохондоо байхгүй. Б.Хурц бол Монголын нууцын амьд архив,дээдсийн хүрээнийхний “хэвтэр данс”. Харин түүнийг томилогдсонтой холбогдуулан БНСУ-д ажиллаж,амьдарч байгаа монголчууд тийм ч таатай үг хэлэлцэхгүй байгаа дуулдана. Б.Хурцыг хадаг дэлгэн элгэмсүү угтахгүй шинжтэй. С.Баярыг Англид Элчингээр очоод залуухан эхнэрээ дагуулан Хатан хаанд сүртэйеэ бараалхаж байхад тэндэхийн монголчууд эсэргүүцэн тэмцэж эхэлсэн. Олон хоног сар үргэлжилсэн эсэргүүцлийн үр дүнд эрхэм Элчин сайд өөрийн эрхгүй үзэг цаас авч буцах өргөдлөө бичсэн. Ийм давхцал Б.Хурцад тохиолдохгүйг мэргэн түргэн гэх шидтэнүүд ч одоохондоо хэлж чадахгүй. Монголчууд бүгдээрээ улстөрчид шиг “но”-той биш болохоор түүнээс айх цэрвэх юм байхгүй. Хэрэв Солонгосын монголчууд түүнийг “үтэр түргэн буц” гээд ЭСЯ-ны гадаа жагсаад эхэлбэл гайхах хэрэггүй бололтой.
Н.Дөл