Нийгэмд айдас төрүүлсэн хүчирхийллийн нууцыг шалгаж эхэлжээ

2017 оны 12-р сарын 18 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nadad

Монгол Улсын иргэн Г.Номуундарь нийгмийн сүлжээгээр  мансууруулах бодис, хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар палхийтэл мэдээлж олныг алмайруулав. Урьд өмнө ийм мэдээллийг хэн ч ил шууд гаргаж байгаагүй болохоор нийгэм даяараа цочирдон гайхшрав. Түүний нийгэмд сэрэмжлүүлэг тараасан бичлэгийг үзсэн хүн бүр нэгийг бодсон байх. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан ямархуу байр суурьтай байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ярихдаа “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хүргүүлэх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна. Олон нийтийн сүлжээгээр хэргийн явцын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу энэ нь боломжгүй, хориотой байдаг. Тиймээс бид хэргийн шалгалт дууссаны дараа прокурорт танилцуулж, зөвшөөрсөн хэмжээгээр нь олон нийтэд мэдээлнэ. Хувь хүний нууцтай холбоотой, хуулиар хамгаалагдсан зүйл яригдах учир хуулийн хүрээнд мэдээлэл бэлтгэхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна” гэлээ.

Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгааг цагдаагийнхан онцлов. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдээлнэ гэлээ. Олон нийтийн зүгээс нууцыг дэлгэсэн охиныг тусгай хамгаалалтад авахыг шаардаж байгаа. Харин албаны хүний хэлснээр шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр гэрч, хохирогчийг төрийн хамгаалалтад авах боломжтой аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул тухайн иргэнийг хамгаалалтад авсан эсэхийг нийтэд мэдээлэх боломжгүй гэдгийг цагдаагийнхан мэдэгдэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх