Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВТАЙ ярилцлаа.
-Баяжуулсан хүнсний тухай хууль гэхээр их содон санагдаж байна. Энэ төрлийн хууль заавал байх ёстой юу?
-Манай улсын хувьд хүнсийг баяжуулах нь чухал ач холбогдолтой. Ард иргэдээ аюулгүй, эрүүл шимт тэжээллэг хүнсээр хангах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Батзориг болон миний бие энэ хуулийн төслийг санаачилсан. Хөгжил буурай, хөгжингүй мөн өндөр хөгжилтэй орны иргэд ч ялгаагүй хүнс тэжээлийн дутагдалд ордог. Энэ нь бүх насны хүнийг хамрах боловч ялангуяа хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүд эрсдэлт бүлэгт багтдаг. Тэжээлийн дутагдал нь хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй нөхөн үржихүйгээс хүн амын удмын сангийн асуудал, нийгмийн эрүүл мэндийн ерөнхий зардлаас хүний хөгжлийн индекс, цаашилбал тогтвортой хөгжлийн бодлогын төвшинд хүртэл нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг төр засаг анхааралдаа авах нь зүй ёсных. Хүн амыг тэжээлийн дутагдлаас хамгаалах хамгийн шалгарсан арга бол өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг шим тэжээлт бодисоор баяжуулах явдал юм. Хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан хүнс үйлдвэрлэх, экспортлох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулаад байна. Сүүлийн үед хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж, эрүүл мэндээ дээдлэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, биологийн идэвхт нэгдэл агуулсан хоол хүнсээр эмийг орлуулахыг эрхэмлэх болсон байна. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4.7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15- 64 насныхны 54.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насныхны 61.7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй гэж гарсан. Нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байна. Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, орон нутгийн тархмал суурьшил, хот газрын хэтэрхий төвлөрсөн байдал, хүн амын бараг гуравны нэг хувийг эзлэх ядуурлын хэмжээ буурахгүй байгаа, нийгэм эдийн засгийн нөхцөл нь улсын хэмжээнд хоол хүнсний хүртээмж, хангамж, шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц нэгдлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Манай улсын хүн амын 40 орчим хувь нь витамин Д, 30- аад хувь нь витамин А, 20 орчим нь төмрийн дутагдалтай болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, витамины хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байна.
-Ямар нэгэн хуулийг санаачлан батлуулснаар түүнийг дагаж эерэг үр дагавар гардаг. Энэ хуулийг баталснаар нийгэм болон хүнсний салбарт ямар үр дүн гарах вэ?
-Нийгэм болон хүнсний салбарт хэд хэдэн үр дүн гарах боломжтой. Тухайлбал, шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг, түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой. Мөн баяжуулах хүнсний үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно. Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ. Хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториор хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгч, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж, чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгч, лабораторид техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болно.
-Хөрсөндөө буудаггүй хууль гэж шүүмжилдэг тал бий. Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх боломж нөхцөл манай улсад хэр зэрэг байна вэ. Манай орны уур амьсгал, ард иргэдийн хэрэглэдэг хүнстэй нийцэх үү?
-Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах, найрлагыг зохицуулах тухай хуулийг олон улсад мөрдөж буй эрх зүйн зохицуулалтын дагуу боловсруулан батлуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Мөн цаашлаад баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг олон улсын төсөл хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байгаа. Ийм үед цаг үеэ олсон асуудлыг хөндөж гаргаж ирсэн гэж бодож байна. Төслийг сайжруулах, улам боловсронгуй болгоход бид анхаарч ажиллаж байгаа юм.
-Хүнс баяжуулах үйл ажиллагааны зохион байгуулалт, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх үүргийг ямар байдлаар хуульд тусгасан бэ?
-Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс үйлдвэрлэгч батлагдсан стандарт, норм, техник, технологийн горимоор үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүнээ олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсны дараа худалдаалах ёстой. Баяжуулсан хүнсний шошгонд хадгалалт, тээвэрлэлт, хэрэглэх нөхцөл, зааврыг тусгаж, ялгах тэмдэг тавих, олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораторитой байх, баяжуулагч бэлдмэлийн чанарыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж стандартын шаардлага хангасан орчинд хадгалах, тээвэрлэх үүрэгтэй. Мөн энэ төрлийн хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэсэн тоо зэргийг мэдээллийн санд бүртгүүлэх ёстой талаар хуулийн төсөлд тусгасан.
-Баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах”, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод “Шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Харин хуулийн төсөлд баяжуулагч бэлдмэлийн үйлдвэрлэлийн болон лабораторийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, экспортын үйлдвэрлэлд үзүүлдэг хөнгөлөлт, дэмжлэгт нэгэн адил хамруулахаар тусгалаа.
-Заавал баяжуулах хүнсний жагсаалтад ямар төрлийн бүтээгдэхүүнийг багтааж байна вэ?
-Шим тэжээлт бодис гэдэг нь хүний биед бага хэмжээтэй нийлэгждэг болон огт нийлэгжихгүй, хүний биеийн өсөлт хөгжил, бие махбод эрүүл байхад нэн чухал үүрэгтэй. Тухайлбал, антиоксидантыг хэрэглэснээр хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай. Хүн амын дунд явуулсан судалгаанд тулгуурлан “Хүнсний амин чухал, шим тэжээлт бодисыг нэмэлтээр хэрэглэх ерөнхий зарчим”-аар баяжуулагч бодис, түүний хэмжээг сонгох ёстой. Манай улсын хувьд өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс давс, гурил, сүүг заавал баяжуулах шаардлагатай байна. Хүнсийг баяжуулахдаа ДЭМБ-ын удирдамж, зөвлөмжийг баримтална. Монгол хүний хоол хүнс, байгаль, цаг уур, бие физиологийн онцлог гэж бий. Хоногт хэрэглэх өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс авах амин дэм, эрдэс бодисын 30-40 хувийг нөхөхөөр баяжуулсан хүнсийг үйлдвэрлэдэг. Тиймээс өдөр тутам баяжуулсан хүнс хэрэглэснээр амин дэмийн илүүдэлд орохгүй. Цаашид баяжуулсан хүнс бүрт агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээ, стандартыг боловсруулж гаргана.
-Сүүлийн үед хүмүүсийн идэж, ууж буй хоол хүнстэй холбоотой өвчлөл нэмэгдэх болсон. Юунд анхаарах ёстой вэ. Хуультай болсноор энэ асуудлыг шийдвэрлэж чадах болов уу?
-Дэлхий нийтээр хүнс баяжуулалтад 10-15 бичил тэжээлийг хэрэглэдэг.1980-аад он хүртэл хөгжиж буй орон уураг- илчлэгийн дутагдлыг нөхөхөд анхаарсан баяжуулалт хийж байсан. Харин сүүлийн 20-оод жил витамин, эрдсийн алдагдлыг нөхөх нь эрүүл, урт наслах, бодисын солилцоонд илүү ач холбогдолтой гэж үзэх болсон. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дахинд жил бүр 2.2 сая хүн хоол, усаар халдварласан өвчнөөр нас барж, үүнээс 1.9 сая нь бага насны хүүхдүүд байгааг тогтоосон. Манай орны хувьд хүн амын 40 орчим хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгаа нь өндөр үзүүлэлт яах аргагүй мөн. Витамин Д нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол суурь болохын зэрэгцээ хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Гэхдээ хүн амын дундах өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалтай тэмцэхийн тулд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний судалгааг өргөн хүрээнд явуулж ямар төрлийн витамин, эрдсийн дутагдалд орж байгааг хянах шаардлагатай. Хамгийн түрүүнд хийх ажил бол бичил тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх, хүнсний нэмэлт баяжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зорилтот бүлэгт нэн түрүүнд хүргэх явдал юм.
-Баяжуулсан хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай хүмүүст цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд багтах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед хоолны хордлого болох тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон?
-Тийм. Сүүлийн үед хөдөө аж ахуй, газар тариалан эрчимтэй хөгжиж мах, сүү, үр тариа, хүнсний ногоогоо өөрсдөө бэлтгэж байгаа боловч хүнсний хангамж ихэвчлэн импортоос хамааралтай хэвээр байна. Хүмүүсийн үндсэн хэрэглээ гурил, мах, сүүнээс хэтрэхгүй байгаа. Ногоо жимсний хэрэглээ улирлын чанартай байна. Бидний амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. Манай Улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Халдварт өвчин судлалын төвөөс гаргасан тайлангаар 2004-2011 онд Улаанбаатар хот, есөн аймаг, таван суманд хоолны хордлого 2573 удаа гарсан байдаг. Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн үдийн цайны хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсдыг хамарсан байдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулахын зэрэгцээ хоол хүнсний бодлого, стратегийг боловсруулж эрүүл, зөв хооллолт, чанар, найрлага, шинж, хадгалалт, боловсруулалт, аюулгүй байдал зэрэг бүх талын мэдлэг, мэдээлэл боловсрол, хяналт, үнэлгээтэй холбоотой арга хэмжээг удаан хугацаанд цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх боломжтой юм. Иймд бид эрүүл хоол хүнс, зөв хооллолтын талаарх хүн амын боловсролыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоол хүнсийг баяжуулах асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх ёстой.
-Олон улсад баяжуулсан хүнсийг ямар байдлаар хэр зэрэг хэрэглэдэг бол. Тухайлбал ямар бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байна вэ?
-Үйлдвэржсэн улс орон олон жилийн өмнөөс А, Д, В витамин, иод болон төмрөөр хүнсийг баяжуулсан туршлага байдаг. 1920 оноос Швейцарь, АНУ-д давсыг иоджуулсан туршлагыг одоо дэлхий даяар хэрэглэж байна. 1940 оноос овъёост өглөөний хоолыг тиамин, рибофлавин, ниацинаар баяжуулсан. Германд анх маргариныг, харин АНУ-д сүүг Д витаминаар баяжуулах технологи нэвтэрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд АНУ-д буудайн гурилыг фолийн хүчлээр баяжуулах арга нэвтэрч, Канад, Латин Америкийн 20-оод орон энэ туршлагыг нэвтрүүлж эхэлсэн. Одоо Африкийн Замби улсад сахарыг баяжуулах туршилт хийж байгаа. Хэрэв амжилттай болбол бусад оронд хэрэгжүүлэх боломжтой болно.
-Олон улсын байгууллага ямар төрлийн хүнс тэжээлийг заавал баяжуулж хэрэглэхийг зөвлөдөг вэ?
-Хүн амын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан журмаар зарим нэр төрлийн хүнсийг баяжуулах, хүн амд хүртээмжтэйгээр тасралтгүй үйлдвэрлэх шаардлага тулгараад байна. Дэлхийн олон улс орон давс, үр тариа, хүнсний тосыг баяжуулж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулсаар ирсэн байдаг. Монгол Улс давсыг иоджуулснаар хүн амын иод дутлын хэмжээ өнөөдөр долоон хувь хүртэл буурсан. Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцад шимт бодисыг нэмэхийг хүнсний баяжуулалт гэдэг. Дэлхийн Эрүүл мэндийн байгуулллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хоол тэжээлийн байдлыг сайжруулах дэлхийн холбоо, Бичил тэжээлийн санаачилга зэрэг газар хүнс баяжуулах асуудлыг дэмжин ажилладаг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өлсгөлөн, хүнсний шим, тэжээлийн дутагдлыг бууруулах дөрвөн том зорилтыг дэлхий дахинаа дэвшүүлсний хоёрдугаарт хүнсийг баяжуулах хөтөлбөр багтдаг. Хөтөлбөрт тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тос, амтлагч, цай ундаа, хүүхдийн тэжээл зэрэг хүнсийг баяжуулахыг зөвлөсөн.
-Энэ төрлийн хуулийг хэрэгжүүлж, үр дүнд хүрч буй улс орон байна уу. Тухайлбал?
-Австрали, Шинэ Зеланд 1981 онд баталсан Хүнсний тухай хуульдаа үр тариа, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, шүүс, ундааг сайн дураар, талхыг фолийн хүчлээр заавал баяжуулах тухай стандарт гаргасан. Энэтхэг улсад Хуурамч хүнсний бүтээгдэхүүнээс хамгаалах тухай хууль болон бусад дүрмээр маргарин, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүнийг А амин дэмээр баяжуулдаг. Филиппин 2000 онд Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталжээ. Ингэхдээ улаанбуудайн гурилыг А аминдэм, төмрөөр, цагаан будааг төмрөөр, ургамлын тос, элсэн чихрийг А аминдэмээр баяжуулах зохицуулалтыг хийж өгсөн байдаг.
-Хүн амын эрүүл, зөв хооллолтын талаарх ойлголт, эрүүл байхын тулд амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан хоол хүнс хэрэглэхийг сурталчлан таниулахад чиглэсэн заалт хуулийн төсөлд байхгүй талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг энэ чиглэлээр ажиллаж байгаа.
С.Юмсүрэн
энэ балай энэбишийн дор байхдаа витаминаа өгч байхгүй яасым болдоо. мартаагүй байгаа шүү, мангар авгай, олон юм хуцалгүй, өрөө бушуу төл