2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Дотуур байр – Хүүхдийн хөгжлийн орчин” Үндэсний зөвлөлгөөнд аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар, сургууль дотуур байрын төлөөллүүд, БСШУСЯам болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, нийт 180 төлөөлөгч оролцсон. Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны эрүүл, аюулгүй орчин нөхцлийг сайжруулах, хүүхдийн хөгжил, оролцоог хангах, хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг сайжруулах, дотуур байрын багш, ажиллагсдын ажлын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж дараах санал зөвлөмжийг нэгтгэн гаргав.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БСШУСЯ–д:
- Дотуур байрын орчны болон үйлчилгээний стандартыг батлах
- Боловсролын салбар дах хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, санал авах, батлах
- Хувийн хэвшлийн санхүүжилтээр дотуур байр ажиллуулах асуудлыг судлах
- Дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх
- Боловсролын салбарын ажилтнуудад хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг зохион байгуулах
- Дотуур байрны багш нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш (бага ангийн багш) мэргэжлийн байх, жижүүр нь хүүхэдтэй ажиллахад бэлтгэгдсэн мэргэжилтэй байх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгах, бусад ажилчдын ажлын байрны тодорхойлолтыгшинэчлэн баталж мөрдүүлэх
- Дотуур байрын багшийн ажлын ачааллыг харгалзан цалингийн шатлалыг ахиулах, ээлжийн амралтын хоногийг нэмэгдүүлэх, сургуулийн эмч, дотуур байрын багш, ажиллагсдад зэрэг, ур чадвар, илүү цагийн нэмэгдлийг ажлын үр дүнгээр тооцон олгодог болох
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Боловсролын газарт дотуур байрын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, багш, ажилтныг чадавхижуулах ажлыг тогтмолжуулах
- 6-7 настай хүүхдийн асрагч багш ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, мөрдөх
- Дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоогоор хувьсах зардлыг жил бүр улсын төсөвт тусгайлан тусгаж оруулах, урсгал зардлын төсвийг дотуур байрны төсөвт суулгаж өгөх
- Дотуур байранд суух хүүхдийн эцэг эхээс бэлдвэл зохих хичээлийн болон ахуйн хэрэглэгдэхүүний жагсаалтыг салбарын сайдын тушаалаар батлан эцэг эхийн үүрэг оролцоог тодорхой болгох
АймАГ, СУМЫН түвшинд:
- Дотуур байранд хүүхэд хөгжлийн стандартын өрөөг бий болгох, хүүхдийн авьяас чадварыг нээх, хөгжүүлэхэд материаллаг болон арга зүйн дэмжлэг үзүүлэх
- Дотуур байрын хүүхдэд зориулсан номын сан байгуулах, фонд баяжилт хийх
- Дотуур байрыг компьютер, хувилах машин, өнгөт принтер зэрэг хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангах, интернетэд холбох
- Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжих төсвийн эх үүсвэрийг зохицуулах
- Дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдрах, сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэх
- БСУГ болон ГБХЗХГ-ын хамтын ажиллагааг сайжруулах, дотуур байрын багш, ажиллагсдыг хүүхдийн хөгжил оролцоо, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхижуулах, дотуур байрын хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх
- Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа, тэдний оролцоог дотуур байрлуу чиглүүлэх, дотуур байрын хүүхдийн зөвлөлийг чадавхижуулах
- “Хүүхдэд ээлтэй дотуур байр” аймгийн хөтөлбөр боловсруулж батлах, үйл ажиллагаа үр дүнг тооцох, эргэх холбоотой ажиллах
- Тэргүүн туршлага, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулах
- Ус ариун цэврийн байгууламж, чийрэгжүүлэлтийн өрөөг стандартын дагуу бий болгох үйл ажиллагааг аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрт оруулан шийдвэрлэх
- Сургуулийн захирлын засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээнд дотуур байранд шийдэж хэрэгжүүлэх 3-аас доошгүй үйл ажиллагааг тусгах
- Орон нутагт хүүхдийн чуулган зохион байгуулж хэвших, үүнд дотуур байрын хүүхдийг тусгайлан оролцуулж байх
- Дотуур байрын багш, ажиллагсдыг шагнаж урамшуулах, тэтгэлэг, бусад урамшуулалт хөтөлбөрт хамруулах асуудлыг судлан шийдвэрлэдэг байх
- Сургуулийн эмч, дотуур байрын багш, ажиллагсдыг чадваржуулах, мэргэшүүлэх, сургалтанд хамруулах, зэрэг, ур чадвар, илүү цагийн нэмэгдлийг ажлын үр дүнгээр тооцон олгох
- Яамны зүгээс батлагдсан үйл ажиллагааны жишиг төлөвлөгөөний дагуу сургууль, дотуур байр бүрт аймгийн БСУГ-аас жил бүр чиглэл өгч дэмжин ажиллах
- Аймгийн БСУГ-аас хөдөлмөр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд сургуулиудад хяналт тавьж ажиллах
- Дотуур байрын тэргүүн туршлагыг үндэсний технологийн боловсролын санд байршуулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах
- Аймаг, сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, сумын нийгмийн ажилтны үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх
- Камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг дотуур байранд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах
- Хүүхэд хөгжлийн танхимыг тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах
- Орон нутаг дах төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, уялдаа холбоог хангах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, гэрээ байгуулан ажиллах
- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэлд дотуур байрны орчин бүрдүүлэх ажлыг тусган хэрэгжүүлэх
- Орон нутгийн хөгжлийн сангаас дотуур байранд хөрөнгө оруулалт хийхийг орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны байгууллагад зөвлөх
- Дотуур байрын хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн худалдан авалт, тендерийн зохион байгуулалтад хөндлөнгийн хяналтыг сайжруулах
- Дотуур байрны ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад хяналт тавин, хүүхдэд аюулгүй байхад нь анхаарч сайжруулах
- Бусад аймаг, сумдын туршлага солилцох ажлыг өргөжүүлэх, дотуур байрын багш, хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Сургуулийн түвшинд:
- БСШУС-ын сайдын баталсан дотуур байранд зохион байгуулах ажлын чиглэл А/168 тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах
- Судалгаа, эрэлт хэрэгцээнд үндэслэсэн, хүүхдийн эрхэд суурилсан хөгжил, оролцооны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах
- Сурагчдын өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дотуур байрны хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чадавхижуулах
- Дотуур байрын өөрийн үнэлгээг жилд 2 удаа тогтмол хийж хэвшүүлэх
- Сургууль, дотуур байрын багш, ажиллагсдын дотуур байрын хүүхэд нэг бүрт хүрч ажиллах нөхцөл боломжийг бий болгох, анги удирдсан багш нарыг дотуур байранд тогтмол ажиллуулах хөтөлбөртэй байх
- Дотуур байранд хүүхдийн төрөл бүрийн дугуйлан секц хичээллүүлэх, хүүхдийн чөлөөт цагийн үйл ажиллагааны нэр төрлийг нэмэгдүүлэх, хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь анхаарах
- Дотуур байртай холбоотой хүүхдийн дуу хоолой саналыг шийдвэр гаргах үйл явцад оруулах, тусгах, хүүхдүүдээс гарсан аливаа санал санаачлагыг дэмжин ажиллах
- Дотуур байрны дотоод журам, хүүхдийн хоолны цэс, амт чанар, хүртээмжинд хүүхдийн санал, хүсэлтийг оруулан тусгадаг байх
- Улирал бүр эцэг эх, багш, сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч анализ хийх, талуудад мэдээллэх, судалгааны мөрөөр холбогдох санал боловсруулан хэрэгжүүлэх
- Дотуур байрны нээлттэй хаалганы өдөрлөгийг тогтмол зохион байгуулж хэвших, үүнд эцэг эхийг байнга татан оролцуулах
- Дотуур байрны хүүхэд хөгжлийн танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах, үүнд орон нутаг, сургуулийн оролцоог нэмэгдүүлэх
- Дотуур байрын хүүхдийн сурлагын чанарыг сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж үр дүнг дүгнэн сайжруулах
- Дотуур байрын багш, ажиллагсдыг урамшуулах, идэвхжүүлэх, ажлын үр дүн, боломжит нэмэгдлийг тооцон олгодог байх
- Дотуур байрын ажиллагсдын харилцаа, хандлага, ур чадварыг сайжруулах, чадавхжуулах үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх
- Дотуур байрын хүүхэд, эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалтанд хамруулах, тэдний харилцаа, хандлагыг өөрчлөх
- Орон нутгийн удирдлага, сургуулийн эцэг эхийн зөвлөл, сургуулийн удирдлагуудыг дотуур байрны үйл ажиллагаанд татан оролцуулах
- Ажиллагсдыг ажлын байрны чиг үүргийнх нь дагуу ажиллуулахад анхаарах, дотуур байранд хүүхэдтэй ажиллах багш, ажиллагсдын зохион байгуулалтыг сайжруулах
“Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин”
ҮНДЭСНИЙ Зөвлөгөөний төлөөлөгчид