Автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх Smartcar.mn цахим системийг нэвтрүүллээ

2017 оны 12-р сарын 14 өдөр, 13 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25434349_1689302954477569_1533767275_o_20171214121334

Улаанбаатар хотод замын түгжрэлд орж, банкинд дугаарлан олон нийтийг хамарсан урт дараалал үүсгэж, хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шат дараатай хэрэгжүүлж байна.

Үүний нэг тод жишээ бол бид бүхний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг нэвтрүүллээ.

Энэхүү Smartcar.mn нь автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цамхим систем юм. Систем  хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн, иргэдийн цаг завыг хэмнэсэн, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчилсөн зэрэг давуу талуудыг бий болголоо.

SmartCar.mn цахим системийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн юм.

Жил бүрийн 1-6 дугаар сард автотээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хувьд банкинд дугаарлан цаг зав зарцуулан дээрх 3 төрлийн үйлчилгээг авдаг байсан цаг саяхан. Тэгвэл SmartCar.mn системд өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн үзүүлж буй үйлчилгээнүүдээс хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн ачилтын мэдээлэл, оношилгооны цаг захиалга, автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээлэл зэрэг бусад үйлчилгээнүүдийг цаашид шат дараалан хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх