Саяхан “Дотуур байрны багш нарын улсын Анхдугаар зөвлөгөөн болж өнгөрсөн билээ. Энэ зөвлөгөөний үеэр БСШУСЯ-ны харьяа Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын Нийгмийн ажилтан, дотуур байрны багшийн сургалт хариуцсан аргазүйч Н.Болормаатай уулзаж Сургуулийн дотуур байрын хөгжил, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм.
-Монгол улсын хэмжээнд дотуур байрны үүсэл хөгжлийн асуудлыг хэзээнээс эхэлж авч үздэг вэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны материаллаг орчин нөхцөлийг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах ажил 1920-иод оноос эхэлсэн байдаг.
Малчин өрхийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс Ардын засгийн анхны сургууль байгуулсан тухайн цаг үед малчдын хүүхдийн амьдрах, суралцах дотуур байрны асуудлыг сургуулийн дэргэд шийдэж ирснийг 1933 онд баталсан “Ардын бага ба дунд сургуулийн танхимын дагаж явах дүрэм”-д сургуулийн дэргэдэх байр нь “…хичээлийн чөлөө бүхий цагийг ашиглаж эдгээр багачуудад ариун цэврийн ба ажлын дадлага өгөхөөс гадна заасан зүйлийн сурлагыг бататгах, эрдэм боловсролыг нь өргөтгөх, жич багачуудын биеийн эрүүл мэндийг сайжруулах, зохистойгоор тоглуулах ба амруулах ёстой”[1] хэмээн тодорхой заасан байдаг. Тухайлбал мөн төрийн мэдлийн дотуур байртай сургуулиуд хүүхдүүдийг ах дүүс, хамаатан саднаар нь, эсвэл айл хөршөөр нь нэг өрөөнд оруулах замаар хүүхдэд ээлтэй, гэрийн нөхцөлд ойрхон орчин бүрдүүлэхийг хичээж байсныг тухайн үеийн эрхзүйн сурвалжаас харж болно.
-Дотуур байрны анхны стандарт норм хэзээ бий болсон бэ?
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны асуудлыг 1982 онд баталсан Ардын боловсролын тухай хуулиар анх удаа хуульчилж, уг хуульд “…сургуулийн дэргэд дотуур байр байгуулна”, “… дотуур байрыг өргөжүүлэх, шаардлагатай газарт сурагчдыг сургуульдаа ирэх, гэртээ буцахад уналгын туслалцаа үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж тусгайлсан зүйл, заалтыг оруулсан нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дотуур байр ажиллуулахтай холбогдон үүсэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох үндсийг тавьж өгснөөрөө ач холбогдолтой.
Эдгээр заалтыг 1991 онд баталсан Боловсролын тухай хуулиар дахин баталгаажуулж, дотуур байрны сурагчдыг батлагдсан төсөвт зардалд багтаан хоол хүнс, ариун цэвэр, ахуйн хэрэгслээр хангах асуудлыг шинээр хуульчилж өгсөн байдаг.
Гэвч 90-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн он жилүүдэд дотуур байрны үйл ажиллагааг хэвийн явуулах хэмжээнд санхүүжилт хийх бололцоо хязгаарлагдсантай холбоотойгоор хуулийн дээр дурдсан заалт хэрэгжих боломжгүй болж дотуур байрууд олноор хаагдахад хүрсэн учраас 1995 онд баталсан Боловсролын тухай хуулиар дотуур байрны зардлын зарим хэсгийг эцэг, эхэд хариуцуулахаар хуульчилсан байдаг. Энэ заалтыг 1995-1996 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж 1995 оны аравдугаар сард Сангийн Яамнаас гаргасан “ЕБС-ийн Дотуур байрны тохижилт, үйлчилгээний болон Дотуур байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам”-д зааснаар дотуур байранд суух хүүхдийн өрхөд мал, махны ногдол оногдуулах болсон нь малчдын хүүхдийн сургуульд хамрагдалтыг эрс бууруулж, 1990 онтой харьцуулахад дотуур байранд хамрагдсан хүүхдийн тоо даруй 3,6 дахин буюу 17,6 мянга болтлоо буурсан байдаг.
2008-2009 оны хичээлийн жилээс боловсролын тогтолцоо 12 жилд шилжиж 6 настай хүүхэд сургуульд элсэх болсонтой холбогдуулан БСШУ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008.02.26 ны өдрийн 84/43 тоот тушаалаар “Дотуур байрын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны тодорхойлолт” батлагдсан байдаг.
-Одоо дотуур байранд ямар стандарт норм баримталж байна вэ?
Хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Боловсролын тухай хуульд 2002, 2006, 2012 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахад дотуур байртай холбогдох харилцааны зохицуулалтыг илүү тодорхой болгоход анхаарсан төдийгүй Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021 он), Боловсрол үндэсний хөтөлбөр (2010-2021 он), Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт хүүхэд амьдрах, суралцах, төлөвших ээлтэй орчныг дотуур байранд бүрдүүлэх асуудлыг авч үзсэн байна.
Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 84/43 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны тодорхойлолт”-ыг мөрдөж байна. Мөн дотуур байрны хүүхдийн хоногийн хоолны норм, дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг хувьсах зардлаар санхүүжүүлэх зэрэг эрх зүйн акт батлагдан хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 07 сарын 09-нд зарлиг гаргаж “…дотуур байранд суух 6 настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоог ашиглан шийдвэрлэх…” чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг.
Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн сумдын нутгийн захиргааны байгууллага, сургууль хамтран дотуур байрын 6 настай хүүхдэд асрагч багшийг ажиллуулж байгаа сайн туршлага байна.
2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А-253,251,173 тоот “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага батлах тухай” тушаал батлагдан хэрэгжиж байна.
-Одоо улсын хэмжээнд хэдэн дотуур байранд хичнээн багш ажиллаж байна вэ?
Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар 38,968 орны хүчин чадалтай 513 дотуур байраас стандартын шаардлага хангасан 414, стандартын бус 99 дотуур байр ажиллаж байна. Дотуур байранд нийт 518 багш ажиллаж байна.
Дотуур байранд 37,602 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34,598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26,703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25,063 нь дотуур байранд амьдардаг.
-Таны бодлоор дотуур байрны багшийн ажлын онцлог юу вэ?
Дотуур байрын багш бол хүүхдийн дотно туслагч, асран хамгаалагч, зөвлөгч, чиглүүлэгч төдийгүй нийгмийн ажлын олон талт үйлчилгээг хүүхдэд үзүүлж буй чухал чиг үүргийг гүйцэтгэгч гэж ойлгож болох юм.
Дотуур байрны багшийн ажлын байрны тодоройлолтын голлох чиг үүрэг нь нийгмийн ажлын үйлчилгээ байхаар заасан байдаг. Мөн сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх талаар заасан байгаа нь нь дотуур байрын сурагчид нийгмийн ажлын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай байгааг батлан харуулж байна. Дотуур байрд нэг тасгийн хүүхдүүд , үе тэнгийнхэн мөн сонирхолын бүлэг, хамаатан садангийн, найз нөхдийн гэх мэт олон бүлэг үүсдэг учраас хүүхдийн бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээ чухал байдаг.
Дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолттой харьцуулж үзэхэд гүйцэтгэх ажлын чиг үүргийн 90 орчим нь ижил бөгөөд давхацсан үзүүлэлт нь голчлон хүүхэд хамгаалал хүүхдийн оролцоо, харилцаа хамтын ажиллагаа гэх мэт сургуулийн нийгмийн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг зонхилж байна.
-Дотуур байрын багшийн ажлын ачаалал ямар байдаг вэ?
Дотуур байрын багшийн ажил үйлчилгээ нь гэрээсээ 9 сарын турш хол байгаа янз бүрийн насны хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сурч амьдрахад нь нөлөөлж буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд зуучлах, мэдээлэх, боломж нөөцөнд холбож өгөх тасралтгүй үйл ажиллагаа байдаг учраас ажлын ачаалал харьцангуй өндөр байдаг.
Иймээс Дотуур байрны багшийн ажлын үнэлэмж болон үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, дотуур байрны багш нарыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх давтан сургах шаардлагатай байдаг. Учир нь Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо, багш бэлтгэх их сургуулиудад дотуур байрын багшийн анги байхгүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур байрын багшаар ажиллаж байна.
ЕБС-ийн дотуур байрын багш нарын ажил үйлчилгээний талаарх нийтлэг хандлага нь байрын багш бол дотуур байранд мөрдөх дэг журмыг биечлэн сахиулах ажил болон тэнд амьдарч буй хүүхдийн эрүүл аюулгүй байдал, тэнд амьдарч буй хүүхдийн тоо бүрэн байхад голлон анхаарч ажилладаг хүн гэдгээр төсөөлдөг.
Гэтэл байрын багшийн ажил нь байрны хүүхдийн хөгжил төлөвшил, насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн өвөрмөц арга барил шаарддаг онцлог ажил юм.
Нүүдлийн мал ахуй, соёл иргэншлийн онцлог малчин өрхийн хүүхдэд боловсрол олгох асуудал нь байрын багш, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтнуудаас асран хамгаалал, эцэг эхийг орлох хайр халамж, хүүхэдтэй ажиллах эв дүй ур чадварыг шаардаж байдаг.
-Дотуур байрны багшийн ажиллах нөхцөл, ажлын байрны талаар юу хэлэх вэ?
Дотуур байрны багшийн ажлын онцлог, нөхцөл байдлын зураглалыг нарийвчлан гаргаж, тэдний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, хүүхдийн хөгжлийн төлөө хийж буй ажлыг нь зөв үнэлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор урган гарч байна.
Цаашид дотуур байрын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтвортой тасралтгүй зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээс гадна малчин өрхийн хүүхдийн суралцах эрхийг эдлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир нь 2016-2017 оны хичээлийн жилд дотуур байранд 36702 хүүхэд амьдрах хүсэлт гаргаснаас 34598 хүүхэд амьдарч байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26703 нь малчин өрхийн хүүхэд ажээ. Үүнээс 25063 нь дотуур байранд амьдардаг.[2] Эндээс үзвэл дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцлийг сайжруулах хэрэгцээ шаардлага их байгаа нь харагдаж байна.
Малчин гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд тусдаа амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж дүү нараа асран өрх толгойлсон хүүхэд болж бяцхан биедээ ахадсан үүрэг хариуцлага хүлээн амьдарч байгаа учраас дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчин нөхцөл байдлын талаар анхаарал тавих нь зүйтэй.
Дотуур байрын багшийн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөц анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Улсын хэмжээнд 518 дотуур байрын багш ажиллаж байна. Ажилласан жилээр нь авч үзвэл 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа багш нар 35 хувь буюу 183 байгаагаас 94 нь энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна. Эндээс үзэхэд дотуур байрын багшийн ажлын байр нь бусад мэргэжлийн багшийн хувьд ажлын байртай болтлоо түр ажилладаг дамжин өнгөрөх өртөө мэт ойлгогдож байгаа тул үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна.
Дотуур байрын багш нараас өмнө нь багшлах эрх авсан боловч үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй учраас багшлах эрхээ сунгуулах боломжгүй хэсэг байхад багшлах эрхээ аваагүй байгаа байрын багш нарт шинээр авах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас энэ ажлын байранд тогтвортой ажиллах сонирхолтой багш ховор байдаг.
Дотуур байрын хүүхдэд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэхэд дотуур байрын багшийн мэргэжлийн хөгжил чухал үүрэгтэй. Дотуур байранд амьдарч буй хүүхдийг олон талаар хөгжүүлэх боловсролын салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд сургуулийн менежмент болон багш ажилтнуудын ур чадвар харилцаа хандлага, хүүхэдтэй ажиллах багшийн эв дүй маш чухал юм.
Хүүхдийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн асуудлаар судалж, өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа шинэлэг бүтээлч арга хэлбэрийг эрэлхийлж нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах зэрэг ЕБС-ийн дотуур байрын багш, бусад ажилтанд мэргэжил арга зүйн хувьд өсөн дэвжих, шинэчлэгдэх өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Мөн ажлын байрны нөхцөл байдалд тохирсон , дотуур байрын бусад ажилтны хөгжлийг дэмжсэн чадавхижуулах сургалтуудыг орон нутгийн боловсролын газрууд зохион байгуулж байх нь зүйтэй.
-Дотуур байрны дотоод ажил, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөний онцлог болон хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам юу вэ?
Дотуур байрны хүүхдийн чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулах үлгэрчилсэн хөтөлбөртэй болох хэрэгцээ шаардлага байна..
Дотуур байрын багш нь зөвхөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн үүднээс хүүхдэд зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх явдал түгээмэл байдаг. Жишээ нь: Газарзүйн багш мэргэжилтэй хүн зөвхөн газарзүйн хичээл сонирхож буй хүүхдүүдэд давтлага өгөх хичээл заах, технологийн багш мэргэжилтэй хүн технологийн хичээлд дэмжин туслах зэргээр өөрийн мэргэжлийн талаар илүү туслах зэрэг нь хүүхдэд үзүүлж буй өрөөсгөл үйлчилгээ болж байна.
Нийтлэг шаардлагад заасан үйлчилгээг хүргэж үйл ажиллагааг явуулахад багш ажилтнуудыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг ханган бэхжүүлэх үйлчилгээ чиглэлээр үзүүлэх давтамжтай мэргэшүүлэх хэрэгцээ байна.
Дотуур байрны багшийг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулснаар дотуур байрны хүүхдийн сурч, хөгжих, хамгаалагдах, оролцох, òэжээллэг хоол хүнсээр хангагдах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах нөхцөл бүрдэх практик ач холбогдолтой юм.
-Дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ?
Одоо мөрдөгдөж буй “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”-ыг боловсролын хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, стандарт болгон өөрчлөх, дотуур байрны хүүхэд бүр хөгжих хамгаалагдах, эрүүл эсэн мэнд амьдрах нөхцөл боломжийг хангах
- Дотуур байрны барилга байгууламжийн стандартыг мөн шинэчлэх хүүхдийн хөгжлийн орчинг сайжруулах
- Хүүхдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж, материаллаг хангамжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
- Дотуур байрны багш ажиллагсадын нийгмийн асуудалд анхаарах ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, байрын багшийн цалингийн шатлалыг нэмэгдүүлэх боломж гарцыг хайх,
- Байрын багшаар ажиллаж буй багшид багшлах эрхийн үнэмлэх олгодог бас сунгадаг байх талаар эрх зүйн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах
- Орон нутгийн боловсролын газарт хүүхдийн эрх,хамгаалал, нийгмийн ажил, дотуур байрны асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болох
- Дотуур байрны багшаар ажиллах боловсон хүчний боловсон хүчний нөөцийг бий болгох, дотуур байрын багш бэлтгэх анги нээх, Их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт дотуур байранд ажиллах чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах
- Жижүүр үйлчлэгч нарыг хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр чадваржуулах, хөгжүүлэх хүүхэдтэй ажиллах талаар мэргэшүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах
Мөн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл муугаас хөдөөгийн гэр бүлүүд өрх тусгаарлан төв хөдөөд салж амьдрах, хүүхдүүд айлын хашаанд гэр барьж өрх толгойлон амьдарч байгааг анхааран дотуур байрны хүүхдийн эрх, түүний амьдрах орчны нөхцөл байдлын талаар бодлогын түвшинд анхаарах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна.