Төрөөс төрсөн тэрбумтнуудын багийг хуулагчдад амжилт хүсье

2017 оны 12-р сарын 13 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulsaas

Монголын төрд чөмгөө дундартал зүтгэж байна,зүтгэсээр ч байх болно хэмээн ярьдаг хүмүүсийн олонхи нь нүдэн дээр баяжиж төрөөс төрсөн тэрбумтнууд болсныг монголчууд мэдэж буй. Гэвч хууль хяналтын байгууллага шалгалаа гэж дуулддаг ч удалгүй намждаг. Оффшорт мөнгөө нуугаагүй төрийн тэрбумтан Монголд үлдээгүй дээ. Харин саяхнаас Ерөнхий сайд асан С.Баяр болон одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий улстөрчдийг төрийн өндөр албан тушаалтнаар ажиллаж байхдаа богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, их хэмжээний мөнгийг оффшорт байршуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болов. Түүнийг дагаад хэзээ шалгах гээд байгаа юм бол гэх хүлээлт ч бас байгаа.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа мэдээлэл дээр үндэслэн “УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй “Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл болон  Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх мэдээллүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоохоор болжээ. Төрийн өндөр албан тушаал хашаад хэдийд нь бизнес хийж ашиг олсон байх уу гэдэг асуулт үүрд мөнх  хариу нэхэж байхгүй нь лавтай. Эрхбиш Монголд хууль цааз гэж байдаг болохоор ял асуух цаг ирэв бололтой. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол С.Батболд төр рүү зүтгэхээсээ өмнө наймааг мандуулж явсан гэдэг. Хоёр Герман нэгдэх үеэр тэндэхийн хэрэгтэй хэрэггүй бараа хүнсийг Монгол руу вагон вагоноор ачуулж,хөлтэйхөн хөдөлж  байсан сүйхээтэй эр юмсанж. С.Баяр ямар бизнес эрхэлж бэл бэнчингээ зузаатгаж байсныг тэр хүн өөрөө л мэдэх байх. С.Баяр,Сү.Батболд нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудын багийг хуулж,үнэн нүүр царайг илчлэхээр зориг шулуудсан  авлигатай тэмцэгчдэд амжилт хүсье.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (150.129.14.***)
    2017/12/13 17:44

    Том акулууд баригдхгүйдээ эараахайнууд л баригддаг

    (0) (0)