ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, яамныхаа газар хэлтсийн дарга нарын хамт Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, ДБМ-ын Лизингийн компаний гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Хөгжлийн банкны удирдлагуудад Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Эдийн засгийг тогтворжуулан, сэргээх зорилготой ХХААХҮ-ийн салбарын тэргүүн ээлжид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулсан юм.
Үүнд:
- Хот суурин газрыг түшиглэн өвөл зуны хүлэмжийн цогцолбор, аж ахуйг хөгжүүлье. Ингэснээр хүнсний ногооны импортыг бууруулж, дотооддоо хүнсний нарийн ногоо, жимс үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл. Энэ хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах, борлуулах цогцолбор төв болон зоорь, агуулах баригдаж, дотоодынхоо зах зээлийг төмс хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэх юм.
- Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл. Энэ хүрээнд цогцолбор байгууламж, махны үйлдвэр шинээр баригдаж, технологийн шинэчлэл хийгдэж мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах боломж бүрдэнэ.
- Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл. Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг төр хариуцана. Энэ хүрээнд жилд 8,3 сая ширхэг арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдана.
- Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэржилт, ажилсаг Монгол” санаачилга хөтөлбөр. Энэ хүрээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр болон малчдын орлого нэмэгдэнэ.
- Монгол Ноолуур хөтөлбөр. Энэ хүрээнд ноолууран түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх юм.
ХХААХҮ-ийн салбарын тэргүүн зорилт болох дээрх төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын Хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайд Б.Батзориг илэрхийлсэн.
Өнгөрсөн 4 жилд Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт 1600-гаад аж ахуй нэгж, иргэдэд нийтдээ 820-иод тэр бум төгрөгийн зээл олгожээ. ХХААХҮ-ийн яам , МУ-ын Хөгжлийн банктай хамтран ажлын хэсэг байгуулан, зээлийн эргэн төлөлт, зориулалт, ашиглалтын талаарх нэгдсэн мэдээллийг эцсийн байдлаар гаргаж, танилцуулахыг Сайд үүрэг болгосон. Цаашид Хөгжлийн банкны зүгээс тайлан мэдээг яаманд хүргүүлж, харилцан мэдээлэл солилцож байхаар талууд тохиролцсон юм.
ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагааны стратегийн хувьд Хөгжлийн банкны зорилготой нийцэж байна гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр онцоллоо. Эхний ээлжид Монгол брэндийг бий болгосон, экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Хөгжлийн банк нь уламжлалт зээлээс гадна Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны лизингийн компанийг байгуулсан. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж оруулж ирсэн. Цаашдаа Монгол улстай хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаатай улсууд болон манай улсад техник технологи нийлүүлдэг улс орнуудын гол гол бодлогын банкнуудтай холбоо тогтоох ажлыг хийж байна хэмээн Хөгжлийн банкнаас мэдээллээ. Ингэснээр ХХААХҮ-ийн салбарт техник технологийн орчин үеийн шийдэл бүхий шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ хэмээн гүйцэтгэх захирал Б.Батбаяр ярилаа.
Мөн Хөгжлийн банк нь Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн байгуулсан. 2018 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэх уг компани нь Монгол улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын сангуудыг мэргэжлийн түвшинд байгуулж, удирдах зорилготой. Хамгийн гол нь зөвхөн зээлээр хэрэгжих бололцоогүй урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар хэрэгжүүлэх бололцоог бий болгожээ. Ингэснээр ХХААХҮ-ийн салбарын урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан дэмжиж ажиллах боломжтой юм байна.
Хөгжлийн банкны зүгээс төсөл ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээ хийгдсэн, тусгай зөвшөөрөл олгогдсон, барьцаа баталгаатай байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Үүнийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг салбар яамнаас хүслээ. Цаашид Монгол улсын эдийн засгийн чухал хөшүүрэг болсон ХХААХҮ-ийн салбарын зорилтод төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр илэрхийлсэн юм.