Шинэ жилийн баяраа тэмдэглээд өглөө сэрэхэд татвар нэмэгдсэн байх нь. 2018 гарахтай зэрэгцэн татвар нэмэгдэнэ. Монгол Улс Олон улсын валютын сантай байгуулсан гэрээгээ биелүүлж татвараа шат дараатай нэмэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл,хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр болсны дагуу таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөрөөр нэмэгдэх юм.
Хэрэв таны сарын цалин 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10 хувь
1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь
2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20 хувь
3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө
Автобензин,дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ. ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 7 ба 10 дугаар сард автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэх байсан. Харин Засгийн газраас дээрх татварыг нэмэх хугацааг хойшлуулж 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон учраас одоо нэмж байгаа нь энэ.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэл бас нэмэгдэнэ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас тус бүр 7 хувиар тооцож суутгал хийдэг. Харин шинэ он гарангуут уг шимтгэл 1 хувиар нэмэгдэж 8 хувь болох юм.
Архи,тамхины онцгой албан татвар 2018 онд 10 хувиар нэмэгдэнэ. Цаашдаа ч нэмнэ, 2019 онд 5 хувиар нэмэгдэх бол 2020 онд 5 хувиар бас нэмнэ.
Н.Дөл