Европын холбоо анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлажээ. Жагсаалтад 17 улс багтсаны дотор манай улс оржээ. Хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадныхны сонирхлыг татах чадвартай эсэх, Европын холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх зэрэг үзүүлэлтийг харгалздаг аж. Одоо тус холбооны гишүүн орнууд хар жагсаалтад орсон улсуудын эсрэг ямар хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх аж.
Хар жагсаалтад орсон орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно. Мөн энэ удаа 47 орныг багтаасан “watchlist” буюу Европын татварын стандартыг удахгүй дагах амлалт өгөөд байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх гэнэ. Далайн хар салхины гамшигт өртсөн Карибын тэнгисийн сав газрын зарим улсыг энэ удаа хар жагсаалтад оруулахыг хойшлуулснаа Европын холбоо мэдэгджээ.
Хар жагсаалтад орсон улсууд
Америкийн Самоа
Бахрейн
Барбадос
Гренада
Гуам
Өмнөд Солонгос
Макао
Маршаллын арлууд
Монгол
Намиби
Палау
Панам
Сэйнт Лусиа
Самоа
Тринидад ба Тобаго
Тунис
АНЭУ
Эх сурвалж: BBC