Монголчууд гадагшаа явж ажиллахыг эрхэмлэдэг бол хойд солонгосууд Монголд ажиллахыг хүсдэг аж. Өнөөдрийн байдлаар 1190 солонгос Монголд гэрээгээр ажиллаж байна. Тэд хоногт 12-16 цаг ажилладаг. Амралтын өдөр гэж байхгүй, сард 1-2 өдөр амардаг гэнэ. Авч буй цалин хөлс даанч бага гэвч тэд ажилласаар байгаа. Ажилчдын сарын цалин 300-1000 ам.доллар. Цалингаа бүгдийг авах эрх ажилчдад байхгүй. 10-30 хувийг л өөртөө авах эрхтэй, бусдыг нь эх орноо хөгжүүлэхэд өргөн барина. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын засгийн газар гадаадад ажиллах хүч илгээгээд орлогынх нь 70-90 хувийг авдаг. Хойд солонгосууд Монголоос гадна ОХУ, Хятадад гэрээгээр ажилладаг. Мөн Ази, Африк, Европ, Ойрхи Дорнодын улсуудад хямд ажиллах хүч болдог ажээ. Энэ судалгааг АНУ-ын төрийн департамент гаргасан байна.
НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол Улсад гэрээгээр ажиллаж байгаа 1,200 орчим ажилчныг энэ онд багтан нутагт нь буцаахаар болжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100 мянга орчим хойд солонгос ажилчин ажиллаж, жилд 500 сая орчим долларын орлогыг засгийн газартаа оруулж байна гэсэн тоог НҮБ гаргасан байна. Гэвч энэ мөнгийг хойдуудын эрх баригчид цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа гэж үзсэн тул НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм. Тиймээс Монгол Улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгахгүй, энэ онд багтаан нутагт нь буцаах болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. “НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээгээ сунгахгүй болж байгаа. Монгол Улс хоригийг бүрэн мөрдөж, хэрэгжүүлэх болно” хэмээн Гадаад хэргийн яамны ажилтан Ш.Одонбаатар AFP агентлагт ярьжээ.
Я.Манлай