Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
Словакийн Шадар сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, бизнес форум зохион байгуулахаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээлд нэвтрэх гарц болох нь дамжигггүй гэв.
Талууд худалдаа, эдийн засгийн харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, уул уурхай, болон бусад харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.
Шадар сайд Петер Пеллегрини улсынхаа Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэж амжилт хүслээ. Тэрээр энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Словакийн тал мөн худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, цахим засаглал болон бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Мөн оюутан солилцооны хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.