Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газар хамтран нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтэнд хамтарсан үнэлгээг хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн хийсэн. Ийнхүү өнөөдөр ажлын хэсгийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Хяналт үнэлгээний дүнгээр дараах нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.Тухайлбал:
1. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол ялангуяа эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл хангалтгүй байна. Шаардлагагүй өндөр үнэ өртөг бүхий эмийг бичихийг хүсдэг байна.
2. Өрхийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ өвчтөнд холбогдох стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу үзлэг, оношилгоо хийж онош тавьсны дараа шаардлагатай эмийг бичдэггүй байна.
3. Үзлэг, эмчилгээг өвчтөний амбулаторийн картанд бичиж тэмдэглэдэггүй.
4. Үзлэгийг E-Health цахим бүртгэл, эмчийн үзлэгийн журналд бүртгэдэггүй.
5. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эм бичсэн жорыг бүртгэж, хяналт тавьдаггүй.
6. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийн жорыг даатгуулагчдын хүсэлтээр ямарч хяналтгүй, олноор бичдэг гэсэн нийтлэг зөрчил дутагдал байна.
Иймд дүнг ЭМЯ-ны удирдлагын зөвлөлд танилцуулан цаашид дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Тухайлбал Эмийн цахим жорын программыг нэвтрүүлж эмийн жор бичилтийн хяналтыг сайжруулах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлага, өрхийн эмч нарт зохистой жор бичилтийн талаар сургалт, мэдээлэл хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын нэр төрөл, хөнгөлөлтийн хувь хэмжээг үндэслэлтэй шинэчилэх зэрэг ажлын ойрын хугацаанд хийж үр дүнг олон нийтэд танилцуулахнээ.