Зохиолч ​Ц.Гэгээнхүсэл: Хайр мөнхийн үнэ цэнийг бидэнд өгдөг

2017 оны 11-р сарын 23 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gegeenhusel

Цас будран хаялж, өвөл цагийн өнгө төрх зүрх сэтгэлийг хөглөн, хайр дурлалын аялгуу бидний зүрхэнд эгшиглэнэ. Хүний зүрх сэтгэл энэ л аялгуунд хөглөгдөх мэт, гэгээн ариун хайрын үнэ цэнийг бидний сэтгэлд эргэн нэг сануулах шинэхэн уран бүтээл төрсөн сургаар энэхүү уран бүтээлийн эзэнтэй уулзаж ярилцахаар зорин очсон юм. Зохиолч Ц. Гэгээнхүсэлтэй  “You complete me” нэртэй гэгээн хайрын сэдэвтэй сонсдог номын талаар болон түүний уран бүтээлийн талаар ярилцлаа. 

-Тун удахгүй 2017 оны 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийх “You complete me” хайрын тухай өгүүлсэн сонсдог номныхоо тухай манай уншигчидтай хуваалцаач?

Аливаа нэг уран бүтээл төрөх нь ямар нэг зорилго, дотоод хүсэл эрмэлзлэлээс хамаардаг гэж би боддог юм. Өнөөдөр бид зүрх сэтгэлээсээ хичнээн хол хөндий одсон тухай, зүрхэн дэх эмзэглэлээ мэдрэхэд, үнэн бүхнээс аажимаар холдон буйгаа олж анзаарсан юм. Хүн гэдэг зүрх сэтгэлийнхээ дотоод хүчээр оршин байгаа хэдий ч гадаад хүчин зүйлсийн тухай хэтэрхий их бодож, анхаарал хандуулж байна уу гэж олж хардаг юм. Хайр бол мөнхийн үнэ цэнийг бидэнд өгдөг ч заримдаа бид өөрсдөө ч анзааралгүйгээр зүгээр л түүнийг түр мартчихдаг ч байж мэдэх юм. Мартсан гэж хэлэхийн оронд орхиж гээсэн өнгөрсөн цаг хугацаанд өнөөдөр бид оршиж байгаа ч байж болно. Гэвч хайр дурлалд цаг хугацаа, орон зай огтоос хамааралгүй. Бид хайрынхаа үнэ цэнийг мартаж орхигдуулснаас, зүрх сэтгэлийн эмзэг зөөлөн чанар улам бүр бүдгэрч, бид хүнлэг бус сэтгэхүйг ч бие биенээсээ өдөр бүр олж харах болсоор байна. Хайр дурлалын үнэ цэн бүдгэрсний хамгийн харамсалтай нөлөөлөл нь гэр бүлийн бат бэх холбоо алдрах, гэр бүл салалт үүсэх цаад сэтгэлзүйн мөн чанарыг бий болгоход оршиж байна гэж бодох болсон. Бүх зүйлд учир шалтгаан гэж байдаг. Салалтын цаад мөн чанар нь зүрх сэтгэлийн асуудалд л оршиж байна.  Гэр бүлийн салалтаас үүдсэн олон сөрөг асуудлуудыг тоочоод байвал олон хэдий ч, нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал нь хүүхдийн сэтгэлзүйн асуудал юм байна гэж би олж харсан. Элэг бүтэн амьдрал хайран дээр л тогтдог. Тийм ч учраас хайрыг дахин нэг сануулахыг л зорьсон юм. Тэр мэдрэмжийг яг одоо хэн нэгэнд мэдрүүлэхийг л хүссэн. Бидний мэдрэмжийн түвшинд хүлээж авсан зүйл зүрх сэтгэлд тод мөрөө үлдээдэг. Зүрхний бичлэг шиг л. Тиймээс мэдрэмжээр нь дамжуулж хайрлах мэдрэмжийг өгөхийг зорьсон. Романтик харилцаа гэдэг ганц цэцэг, бэлэг өгөх хэрэг биш юм. Тэнд зүрх сэтгэлийн мэдрэмжинд хөг аялгуу эгшиглэж байх хэрэгтэй. Тийм нөхцөлд бид дотоод зүрх сэтгэлээ анзаарч эхэлдэг юм болов уу гэж боддог юм. Тийм ч учраас энэхүү бүтээлээ хийхээр шийдсэн юм. Гэр бүл бол хайран дээр л оршин тогтнодог. Өөр бусдыг түр орхиод тэр үнэн эхлэлийг нь сануулахыг л зорьсон юм. Хайрын мэдрэмжийг сануулахыг хүссэн. Сонсдог ном маань хоёр хосын амьдралын тухай өгүүлдэг. Бодрол хөврөн, хайр эгшиглэж энэ сонсдог ном маань бүтсэн юм. Эндээс та зөвхөн хайрыг л олж анзаарна. Өөр ямар ч зүйл энд хэрэггүй. Бид бүхний дараа, эцсийн удаа гэхэд хайрын тухай л бодох болов уу гэж би боддог юм. Хэтэрхий их оройтхоосоо өмнө энэ бүхнийг олж анзаараад хайр дурлалаа  ганцаардалд бүү үлдээгээч гэж хэлмээр санагдсан. Нийгэм маань ямар хар бараан өнгөөр будагдаж байгааг олж анзаарах хэдий ч бидний зүрхэнд гэрэл гэгээ байдгийг хэзээ ч мартаж болохгүйг өдөр бүхэн сануулахыг хүссэн. Тэр гэрэл гэгээ таны дэргэд л байна. Олж анзаараад сэтгэлийн гэрлээ бүү унтраагаарай гэж хэлмээр санагддаг.

-“Хайртдаа зүрх сэтгэлээ бэлэглэе” гэж уриалсан нь ямар учиртай вэ?

-Энгийнээр л бодоод үзье. Хайртай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Таны хайраа өгсөн хүнийг хэлнэ биз дээ. Хайраа өгсөн хүн, хайраа зориулсан хүн гэж хэлэхэд илүү ойлгомжтой болж байна. Бид тэгэхээр хайртай хүндээ юу өгөхөд тэд баярлах вэ. Хайраа л үргэлж өгсөөр байхыг л хүснэ тийм биз. Ийм л энгийн зүйлийг бид орхигдуулдаг. Анхны зорилгоо мартдаг гэх үү дээ. Анх дурлахад дурлалт хосуудад хайр л бүх ертөнц нь болж бие биендээ ухаангүй тэмүүлэн татагддаг. Цаг хугацаа улиран одоход хайраараа нэгдэн нийлснээ их амархан мартагнадаг ч байж мэдэх юм. Хичнээн үнэтэй бэлэг, материаллаг зүйлс байгаад хүний зүрх сэтгэлийн хамгийн гүн дэх утсыг хөндөж чадна гэдэгт би итгэдэггүй. Өнгөн чанартаа баярлах мэдрэмж төрөх ч үнэн чанартаа хүний дотоод сэтгэл мөнөөх л хайрыг л хүссээр байдаг. Хайр гэдэг эхэлж байхдаа л халуунаар оргилж, эцэстээ асгарч дуусдаг дарс биш юм. Үүнийг л сануулахыг хүссэн.

-Цомгийн загварыг харж байхад их шинэлэг, өвөрмөц чамин юм байна. Сая бол та агуулга талаас нь ярилаа. Хэлбэр дизайны хувьд яагаад ийм шийдэл сонгосон бэ?

-Энэ бүтээлийг хийх болсон бас нэг шалтгаан нь миний хүндэлж явдаг эрхэм эгч зураач МУСТА Г. Наранцацралт эгчтэй салшгүй холбоотой. ХБНГУ-д ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвидаг миний хүндэлж хайрлаж явдаг уран бүтээлч юм. Г. Наранцацралт эгчийн маань “You complete me” нэртэй урлагийн гайхалтай бүтээлээр сонсдог номныхоо өнгө дизайныг тодорхойлсон. Энэхүү бүтээлд зураач Г. Наранцацралт эгчийн маань бүтээлүүд өнгө төрх нэмэн, хайр дурлалын мэдрэмжийг илүү бодит болгож тодотгож өгсөн гэж хэлж болно. Залуу уран бүтээлч хүний хувьд энэ гайхамшигтай, хүндэлж явдаг уран бүтээлч эгчтэйгээ хамтарч ажилласандаа  үнэхээр баяртай байгаа. Хүсэл мөрөөдлөө орхиогүйнхээ төлөө хүндэлж явдаг эрхэм хүнтэйгээ хамтарч ажиллах гэгээн өдрүүд ирдгийг мэдэрлээ. Миний уран бүтээлийг шимтэн уншиж, миний зүрх сэтгэлийг ойлгож таньж, залуу уран бүтээлч намайг хөглөн, бүтээл хийх урам зоригийг өгсөн эрхэм эгчдээ чин сэтгэлийн талархлаа өнөөдөр танай сайтаар дамжуулан илэрхийлэхийг  хүсч байна. Залуу хүн үргэлж шинийг эрэлхийлж, бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж боддог юм. Тийм ч учраас би бүтээлүүддээ уран бүтээлч өнгө аяс, мэдрэмжийг шингээхийг үргэлж зорьж ажилладаг юм. Тиймээс ч уран бүтээлийнхээ  гадаад өнгө төрхийг, дотоод агуулгатайгаа зохицсон байлгахыг хичээж анхаарч ажилладаг. Сд-нийхээ гадна талын хайрцгийг модоор хийлгэсэн нь энэ хайр дурлалын нарийн гүн гүнзгий мэдрэмжийг гаднаас нь ч дотроос нь ч илэрхийлэхийг зорьсон юм. Ингэж байж л уран бүтээл бүрэн дүүрэн болох болов уу гэж боддог юм. Хайрцагны дээр байрлах зүрх хоёр тийшээ онгойж хос түлхүүрний оосор болдог юм. Сонсдог номоо худалдаж аваад зориулж авсан хайртай хүнийхээ нэрийг ирж бичүүлж болно. Ингэснээрээ зөвхөн хайртдаа  зориулсан цорын бэлгийг, сэтгэл зүрхээ бэлэглэж болох боломжийг танд бүрдүүлж өгч байгаа юм. Энэхүү санаачлагыг гаргаж миний уран бүтээлүүдийн  дизайн өнгө төрхийг тодорхойлж, эх бэлтгэлээс эхлэн бүх л ажлыг гардан хийж, үргэлж намайг дэмждэг эрхэм найз Жем дизайн ХХК –ы захирал Х. Сансар-Эрдэнэдээ баярлалаа гэдгээ бас энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Жем дизайн ХХК нь модон хийцээр олон төрлийн загвар дизайн гарган төрөл бүрийн гацуурын чимэглэл, тэмдэглэлийн дэвтэр, сувинер гоёл чимэглэлийн зүйлс хийж байгаа нь эко, байгальдаа ойр мэдрэмжийг бидэнд төрүүлж шинэлэг хэв маягаар бүтээлээ хийх боломжийг уран бүтээлч бидэнд олгож байгаа нь миний хувьд их сайхан санагддаг. Монголын маань олон залуус салбар салбартаа хичээл зүтгэл, тэмүүллээрээ баялгийг бүтээж байгаа нь бас нэгэн бахархал урам зоргийг минь төрүүлдэг.

-Одоо анхны уран бүтээлийн чинь талаар ярилцая  гэж бодлоо.Энэ ном, яруу найргийн цомгийг тань хараад өөрийн эрхгүй сонирхол төрж билээ. “Үнэхээр шинэлэг, загвар хэв маягт автаагүй, үнэн үгс л ийм сэтгэгдэл төрүүлсэн хэрэг” хэмээн зохиолч яруу найрагч Г. Аюурзана таныг үнэлсэн. Яруу найрагч Ц.Гэгээнхүсэл тийм л задгай, танхай бичдэг зохиолч байх нь ээ? 

-Зүрх сэтгэлээсээ урсан гарч байгаа мэдрэмжийг л цаасан дээр буулгасан хэрэг. Яруу найраг эсэхийг ч би мэдэхгүй. Зүрх сэтгэлийн дотоодод ганц үнэн л оршдог. Би энэ ахуйгаас түр холдоод, тэр үнэнрүү өнгийгөөд, тэнд тухлаад, ямар мэдрэмж төрж байгааг олж сонсоод тэрийгээ энэ ертөнцөд ирээд бичдэг юм. Үнэн бүхэн хүний зүрхэнд хүрдэг. Тийм л учраас миний шүлгүүдийг уншиж, сд сонссон хүнд хүрдэг ч байж болох юм. Өөр ертөнцийн тухайд гэвэл бид дотор сэтгэлээ өнгийж хардаггүйгээс үүдэлтэй. Бид бүгд тэнд хүрч болно. Энэ номонд орсон шүлгүүдэд нэр өгөөгүй. Хамгийн эхний шүлгийг “Гэгээ-Эрэл” гэж нэрлээд хамгийн сүүлчийн шүлгээ “Гэгээ-Эрэл Би” гэж нэрэлсэн. Учир нь бид тэр зүйлийг хайгаад цөхөрч, эцэстээ буцаж ирдэг нь өөрийн дотоод үнэн юм. Бусад шүлгэндээ нэр өгөөгүй нь  бүхний учир шалтгааныг ганцхан өөрийнхөөрөө үнэлээд тэрийгээ хэн нэгэнд хүчээр тулгахыг хүсээгүй юм. Би салхийг бороо гэж хэлэхийг хүссэн бол миний л бороо салхи биш гэдгийг олж мэдсэнд оршино. Миний бороонд норохгүй, харин салхинд хэн нэгэн миний дэргэдүүр зөрөн одно. Нэг иймэрхүү гэх үү дээ. Учир шалтгааныг бодож олоход олон хаалга нээгддэг.

-Өнгө дизайны хувьд бас л үнэхээр шинэлэг, дэндүү гэмээр өвөрмөц юм. Таны бүтээлүүдээс өөр нэгэн ертөнцийг олж харж байх шиг санагдаж байна. 

-Яруу найргийн номны маань өнгө төрхийг  авьяаслаг залуу уран бүтээлч, контемпорари артист Ж. Анунарангийн шинэлэг загвар хэв маягт баригдаагүй бүтээлүүд тодорхойлсон. Энэ бол бас л энэхүү номны маань дотоод сүнслэг чанарыг гадна нь нээж өгсөн өнгө төрх болж чадсан болов уу гэж боддог юм. Энэ бол урлагийн бүтээл, ахуйгаас дотоодруу урсах үл мэдэгдэм нууцлаг мэдрэмж юм. Би энэхүү бүтээлдээ их хайртай. Миний анхны уран бүтээл. Бүсгүй хүний дотоод сэтгэлийг илэрхийлэхийг зорьсон. Хос цомгонд маань нийт 123 шүлэг багтсан. Бүтээлийг маань миний хүндэлж явдаг гайхамшигтай уран бүтээлчид уншиж амьдруулсан. МУСТА жүжигчин Дугаржавын Батцэцэг, МУСТА жүжигчин Намсрайн Ялалт амилуулсан гэж хэлж болно. Бүтээл бүхэн амьтай гэж би боддог юм. Энэ мундаг уран бүтээлчидтэй анхны уран бүтээл дээрээ хамтран ажилласандаа үнэхээр их баярлаж явдаг.

-Олонд түгсэн  дууны шүлгүүд бичсэн юм байна. Энэ талаар тодруулвал?

Бас л өнөөх зүрх сэтгэлийн л мэдрэмж юм даа. Сайхан аялгуу бол хүний дотоод сэтгэлийг хөглөдөг. Сайхан ая сонсоод төрж байгаа мэдрэмж юм. Зүрх сэтгэлээс төрсөн бүхэн л зүрхэнд хүрдэг гэж боддог. Би зүрхэнд хүрсэн бүтээл байгаасай гэж хүсдэг. Дуу ч мөн адил амьтай. Амь оршсон дуу олон арван жилийн дараа ч бидний зүрх сэтгэлийг хөглөсөөр  байдаг. Ер нь ч уран бүтээл бүхэн мөнх настай гэж би боддог шүү.

-Сэтгэл судлаач мэргэжилтэй гэж сонссон. Гэтэл одоо зохиолч болчихсон. Утга зохиолд яагаад дурлах болов?

-Энэ бол өөрийгөө таньж мэдсэний л үр дүн болов уу. Би юунд сонирхолтойгоо л эрт олоод мэдчихсэн юм. Өөр ямар нэгэн онц гойд зүйл байхгүй дээ. Хүн бүрт хийхийг хүсдэг, хийж чаддаг зүйл гэж байдаг гэж би боддог. Хүн бүрт шүү. Би дуртай зүйлээ хийгээд, өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлээд явж байна. Энэ бол жинхэнэ эрх чөлөө шүү. Хүний энэ тэмүүллийг юугаар ч орлуулашгүй. Хүсэл мөрөөдөл бол хүнийг хөдөлгөх агуу хүч шүү дээ. Хүсэл мөрөөдөлгүй бол хичнээн хүчирхэг хүн ч нэг л өдөр мухардалд ордог. Хаана хүрэхээ олж хараад л алхаж явна. Яг л надад таарсан хурдаар, өөртөө таарсан ачаагаа үүрээд, нартайд, сартайд, цас борооноор алхаж байна. Энэ бол миний явах зам. Та ч бас өөрийн замаар л ахлаж байна. Бид хэн нэгнийг дүгнэж, шүүх хэрэггүй. Учир нь хүн бүхэн өөр өөрийн замаар л алхдаг. Сэтгэл судлаач мэргэжил, уран бүтээл туурвих  хоёр хоорондоо бас л нэгэн уялдаа холбоог бий болгодог. Дахиад л өнөөх хүний зүрх сэтгэлийг л ярих болно шүү дээ. Бид чинь зүрх сэтгэлээ танин мэдэх гээд л хичээж явна шүү дээ. Би ч адилхан хайж олохыг хичээж явна.

-Таны тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “You complete me” сонсдог номын тухай залуу хосууд, гэр бүлүүд мэддэг болоосой гэж хүсч байна. 

-Үнэндээ аливаа нэг зүйлийн цаад зорилго ямар байна гэдэг нь их чухал. Би энэхүү номоо хайрыг эргэн сануулахыг зорьсны үүднээс хайрын үнэ цэнийг олж хараасай гэсэн эмзэглэлээс үүдэн бичсэн. Энэ завгүй нийгэмд түгжрэлд орж явахдаа ч болов  энэ номыг сонсоод зүрх сэтгэл нь тэр мэдрэмжээ эргэн дурсаасай л гэж хүссэн юм. Санаарай гэсний учир нь бид бүгд хайртай учирдаг. Гэвч он цагийн уртад бүдгэрсээр хоосонд замхардаг. Хайр дурлалаа зүрхэндээ үүрд мөнхөлж, хайртай хүнийхээ асаасан гэрлийг бөхөөхгүй байгаасай гэж хэлэхийг хүссэн. Бас залуус,охид бүсгүйчүүд маань хүн чанар, мөн чанараа үргэлж санаж яваасай гэж хэлмээр санагддаг юм. Бид хичнээн мундаг боловсрол эзэмшиж, орчин үеийн сайхан зүйлсийг эдэлж хэрэглэсэн ч зүрх сэтгэлийн боловсролыг судлаж, өөрийн хэмжээнд өөртөө тохирсон зөв амьдралын хандлагыг өөртөө төлөвшүүлэхгүй бол бид боловсролтой шинэ зууны хүн гэсэн тодорхойлолтонд тохирохгүй болов уу гэж боддог юм. Бидэнд боломж байна. Сайхан эх орондоо гэрэлт ирээдүй өөд тэмүүлж, бие биенээ хайраар дутаахгүй сайхан амьдрах бүх л боломж нээлттэй байна шүү дээ. Бас залуустаа хандаж хэлэхэд хайр бол тоглоом наадам биш юм. Нэг насны хань ижлээ зөв сонгоосой, амьдралдаа ийм том шийдвэр гаргахдаа ухаалаг хандаасай гэж хэлэхийг хүсдэг юм. Энэ их стресс, хар бараанаар халхлагдсан нийгмийн гэрэл гэгээг олж харахыг зорьж,  нэг ч гэсэн гэгээлэг мэдрэмжийг  хүргэхийн төлөө энэхүү бүтээлээ та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаасай гэж л хэлмээр санагдаж байна. Бас сайхан үгсийг харамгүй хэлж байгаасай. Хүний амьдрал үнэндээ богинохон шүү дээ. Ганцхан хайр л үүрд үлддэг гэж хэлмээр байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Сэтгүүлч С.Отгонсүрэн 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх