Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм.
Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спортын хороо, Дүнжингарав бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Б.Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” биеийн тамир, спортын хороо, Хантайшир бөхийн дэвжээ, Макс группын бөх Монгол Улсын заан Б.Соронзонболд, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын бөх Монгол Улсын харцага А.Цацавшир нарын зэрэг бөхчууд оролцон уран мэхээ уралдуулан барилдав.
Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт шалгаран барилдсан Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Д.Амарсайхан, Аймгийн арслан Э.Ууганбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж баяр хүргэлээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” биеийн тамир, спортын хорооны бөх, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэв.
Хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бахархал” шагнал, алд цэнхэр хадаг гардуулж баяр хүргэлээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг анх 2012 онд анх зохион байгуулсан бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлж байв.