Монголын төр ажилласан хүндээ өгөөжтэй, ард түмэндээ хишиггүй болчихсон. Өнөөдөр төрд гарсан эрхмүүд бүгд тэрбумтан болсон агаад хөрөнгө чинээнийхээ байр байдлыг ч нууж хаалгүй аархдаг. Гэхдээ Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ өгөх болохоороо л бүгд үгээгүй ядуу, орох орон, оочих аяга ч үгүй, хөлсний байранд гэр бүлээрээ шахцалдан, зутруухан амьдардаг болж хувирах нь бий.
Улаан цайм гартаа 23 мянган долларын “Rolex” зүүж, LV-гийн 3000 долларын гутал хөлдөө жийчихээд л “Би чинь уртаашаа ганц машинтай. Тэрүүгээрээ эхнэр, хүүхдээ зөөгөөд л амьдрах гэж ядаж байна даа” хэмээн туучихдаг этгээд олон.
Тэр жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эхнэрээ дагуулаад хөлсний байранд амьдардаг” гэж улайх ч үгүй авч билээ. Гэтэл дараахан нь л Нүхтэд мань эрийн хоёр их харш сүндэрлэсэн нь илэрч, тус бүрийнх нь үнэлгээг сонсоод баргийн монгол хүний ой тойнд буухгүй байсан. Тэгээд ч нөгөө хөлсний байр гэдэг нь MCS-ийн “Белла Виста” хотхоны пентхаус бөгөөд сарын түрээс нь л 15 сая төгрөгийг хол давахаар ажээ.
Тэгвэл МАН-ын даргад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад ч нэг иймэрхүү зүйл тохиолдож байлаа. Түүнийг Дарханы Засаг ноёноор найман жилийн турш ажиллахдаа тэрбумтан болж амжсан гэдгийг дарханы нохой ч андахгүй. Харин тэрбээр 2010 онд АТГ-д өгсөн ХОМ-т “Жилийн орлого нь 12.7 сая төгрөг, харин гэр бүлийнхэн нь нийлээд 8.3 саяыг л мөн хугацаанд олдог. Гурван орон сууцтай, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууламжгүй. Гурван орон сууц нь нийтдээ 212.6 сая төгрөгөөр үнэлэгддэг. Харин ямар ч автомашингүй. Мөн Төрийн банкинд 28.8 сая төгрөгийн өртэй” гэж тайлагнажээ.
Эндээс харахад, мань эр бага гарын бизнесменээс ч доогуур орлоготой, төрийн түшээ гэхэд хөл дүүжлэх ч унаагүй, нэг ёсондоо томчууд дундаа ядруухан амьдардаг нэгэн бололтой. Гэхдээ тэрбээр Дархан дахь хана хэрэм бүхий тансаг харш, 1001 улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашин, Сэлэнгийн Ар Тойлуйд байгаа 100 гаруй үхэртэй ферм, Хонгорын тариалангийн газар зэргээ үүндээ оруулаагүй нь хачирхалтай.
Мөн Засаг дарга байхдаа төрсөн охиноо АНУ-руу хувийн зардлаараа Анагаахын сургуульд сургахаар явуулсан. Жирийн монгол хүний мөрөөдөл болсон тэрхүү улсад зүгээр хэлний бэлтгэлд сурахын тулд жилд 25 мянган доллар төлнө. Явахаасаа өмнө бол визэнд орох гэж л дансандаа хамгийн бага нь 30 сая төгрөг байршуулж, эх үүсвэрийг нь нотолно. За тэгээд өндөр өртөгтэй, харийн улсад тэр байтугай их зардал гарах нь Д.Хаянхярваа үүнд нэг их хотойгоогүй юм даа.
Хамгийн гол нь МАН доторх элдэв явуулгын гол эзэн гэгддэг энэ нөхөр сүүлийн үед энхийн цагаан тагтааны дүрээр байсхийгээд гарч ирэх болсон нь анхаарал татаж байна. Тухайлбал тэрбээр хэдхэн өдрийн өмнө “Бид өнөөдөр хуулиа дээдлэх, хууль сахиулах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор энэ танхимд орж ирсэн. Харамсалтай нь энэ асуудал биднээс алслан холдсоор хаа нэг сонсогддог үг болж хувирлаа. Хэчнээн жил бид энэ гүжир гүтгэлэг, үнэн худал нь мэдэгдэхгүй манан дунд тонгочих ёстой юм бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга юу нь тодорхойгүй баримт бичгээр УИХ-ын гишүүдийн дунд талцал хагарал үүсгээд сууж болох уу. Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагуудад хяналтаа тавиад ажиллах бүх боломж нь байна. Үнэхээр хулгайч луйварчид юм бол түүнийг нь илрүүлээд гаргаад ирэх нөхцөл боломж нь бүрдсэн. Гэтэл Тамгын газрын дарга нь хориг тавьсан нэрээр чуулганы танхимд орж ирчихээд бусдыг элдвээр доромжлоод сууж болохгүй. Энэ хагаралдуулах үйл ажиллагаа газар авч байгаад харамсаж байна” гэж бичжээ.
Энэ хүн яг ийн бичсэн шигээ үйл хэргээ үргэлжлүүлдэг бол улсаас завшсан хөрөнгө, хувьчлалаар үнэгүйдүүлж, үрсэн байгууламжууд, үйлдвэрийн газрууд, бохир улс төрийнхөө мэхийг илчилж, ядаж л ХОМ-ээ үнэн мөнөөр нь өчвөл яасан юм бэ. Хэлээд байгаа шигээ хуулийн байгууллагад нөлөө дарамт үзүүлэлгүйгээр шалгуулахад болохгүй зүйл байна гэж үү.
Одоо энэ хүн МАН-ын дарга болох тохироогоо бараг л хийчихлээ. Тэгвэл олон нийт МАН-ын XXVII Их Хуралд маш их ач холбогдол өгч байна. Аль нэг бүлэглэл, том даргын халаасны хүн энэ намыг удирдвал 2020 онд унах нь ойлгомжтой болно. Тэр цагт эдийн засаг, нийгмийг тогтворжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого ч бүрэн зогсож, үйл лайг нь ард түмэн нуруундаа хэд дахин хүндээр авна гэдгийг хэнбугай нь ч хэлэх болж.
Харин Д.Хаянхярвааг МАН-ын одоогийн дарга М.Энхболдын хүн гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр нам доторх бүлэглэл улам хүчирхэгжихийн тулд өөрсдийн хүнээр дарга тавих гэж буй санаархал илэрхий болж байна. Тиймээс элдэв татаасанд бариастай, луйвраар хөлжиж, улс төрд орсон этгээдүүд л биш бол өөр хэн ч байсан яах вэ.
М.ТУУЛ
Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn
|
Хууртагдаж ханах болоогүй бол наад Хуянхарваагийнхаа үгэнд итгээд л яваад бай. Энэ пидда нарт 27 жил хууртлаа. Ханах болоогүй юу. Хуянхарваа бол харваас өөдгүй нөхөр . Монголд яачихаараа хулгайч луйвөрчид нь өөдөө гараад явчихдаг цөвүүн цаг ирчихвээ.