Монгол орны хамгийн алс хязгаарт орших Баян-Өлгий аймгаас гурван эрхэм төр түшилцэж буй. Парламентийн ангийнхнаа бодвол төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй тэдгээр гурван гишүүнээс Г.Солтан сүүлийн үед олны нүд чихэнд өртөх болсон. Тэгвэл бид энэ удаад эрхэм гишүүнийг редакцынхаа зочноор урьж, ярилцлаа.
- Урилгыг минь хүлээж авсан танд баярлалаа. Таныг парламентад анх удаа сууж байгаа болохоор зарим уншигчид төдийлэн сайн мэдэхгүй байж магад. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Харин хүмүүс сайн мэдэхгүй байвал сайн юм биш үү/инээв/.
- Яагаад… УИХ-ын гишүүд чинь харин ч олонд танигдах гэж их хичээдэг юм биш үү?
Яагаад гэвэл би одоохон доо нээх мундаг улс төрч болчихоогүй байна. Олон удаа сонгогдоод их зүйл хийж бүтээж, мундаг улс төрч болсныхоо дараа нүүр бардам олны өмнө гарч ирвэл зүгээр юм уу, гэж боддог. Тийм ч учраас би хэвлэлийнхнээс хол байдаг. Гишүүн болсноос хойш анх удаа ярилцлага өгч байна.
- Харин танаас ярилцлага авах гэж багагүй хөөцөлдлөө шүү. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө та аймгийнхаа намын даргаар ажиллаж байсан байх аа?
Одоо ч намын дарга хэвээрээ байгаа. Сургууль төгссөнөөс хойш Улаанбаатар хотод олон жил ажилласан. 2013 оноос Баян-Өлгий аймгийнхаа МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд 4-р тойргоос нэр дэвшиж сонгогдсон.
- УИХ-ын гишүүн болоод намын даргын ажлаа өгөөгүй юм уу. Энд төрийн түшээдийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн тэнд бас намын даргаар давхар ажиллахаар аль нэг ажил тань цалгардахгүй байна уу?
Манай гишүүдээс цөөнгүй хүмүүс аймгийн намын даргын албыг давхар хашдаг. “Би УИХ-ын гишүүн боллоо, одоо намын даргын ажлаа өгье” гэж өөрийн дураар загнаж болохгүй л дээ. Яагаад гэвэл намын мянга мянган гишүүдийн итгэл, сонголт байдаг учраас. Өөрөөр хэлбэл тэрийг намын гишүүд нь шийддэг. Мэдээж “Та гишүүнийхээ ажлыг хий, бид намын даргаараа өөр хүн тавина” гэвэл бид “үгүй” гэхгүй шүү дээ. Намын бага хурлаар шийдэгдэх асуудал. Удахгүй МАН-ын 28-р их хурал болно. Дараа нь манай аймагт бага хурал болно. Тус хурлаар 22 мянган гишүүд маань ямар шийдвэр гаргана тэр шийдвэрийг нь хүндэтгэнэ. Ажил цалгардах тал дээр бол асуудал гардаггүй. Яагаад гэвэл би тэнд чинь ганцаараа ажилладаг юм биш шүү дээ. Намын дэд дарга, орон тооны дэд дарга, орон тооны бус дэд дарга, улстөрийн ажилтан гээд бүхэл бүтэн алба ажиллаж байгаа. Тиймээс би заавал тэнд сууж ажиллах шаардлага байхгүй.
- Танд мэдээж гишүүн болоод хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн ажил байгаа байх. Түүнийгээ хэр хэрэгжүүлж чадаж байна вэ?
Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүнд маш чухал нэг хариуцлага байдаг. Тэр нь ажилгүйдлийг бууруулах. Миний хувьд энэ ажлыг хангалттай хийж чадахгүй байна. Яагаад гэвэл бид ямар эдийн засагтай төрийг хүлээж авлаа. Мэдээж ажилгүй хүмүүсийг ажилтай болгохын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Тэднийг дэмжихийн тулд наад зах нь татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох хэрэгтэй. Ийм нөхцөл өнөөдөр манайд бүрдэж чадахгүй байна л даа. Хөдөөнөөс сонгогдсон гишүүний дараагийн шийдэх ёстой чухал ажил бол тойргийнхоо иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх байдаг. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг дутагдалтай газар шинээр бүтээн байгуулалтын ажил хий, засвар, нэмэлт үйлчилгээ хэрэгтэй бол түүнийг нь шийдэж өгөх гэсэн жишиг ажил бий. Үүнийгээ шийдчих юм бол даараа нь Соёлын төв, урлаг соёл, спортын зориулалттай заал барих ажил байдаг. Мэдээж эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад инженерийн шугам сүлжээ, тог цахилгааны асуудлыг давхар шийддэг. Миний хувьд 2018 оны төсөвт суулгахаар хэд хэдэн ажил төлөвлөсөн байгаа. Тухайлбал Ногооннуур сумын төвд 70 хүүхдийн цэцэрлэг мөн Улаанчулуут багт 50 хүүхдийн цэцэрлэг, Бугат суманд цэцэрлэгийн өргөтгөл барихаар төсөвт суулгасан. Мөн Сагсай сумын сургуулийн дотуур байр халуун усгүй, хүүхдүүд усанд орж чаддаггүй байсаныг шийдсэн байгаа. Түүнчлэн салбарынх нь дэд сайд, тойргоос сонгогдсон гишүүн, аймгийн Засаг дарга нь олон жил хөөцөлдөөд чадаагүй Улаанхус сумын Согоогийн гүүрийг барихаар болсонд тус сумынхан их баяртай байгаа. Цэнгэл суманд нэг багийн төвийн эмнэлэг барих, Ногооннуур сумын сургуулийн биеийн тамирын заалыг засварлах ажлыг хийнэ. Бас сошиал, фесбүүкээр зураг нь яваад байгаа хүн амьдрах нь битгий хэл орохоос ч аймаар сургуулийн дотуур байрыг олон жил хөөцөлдсөний эцэст 2018 онд барьж, засварлахаар төсөвт суулгахаар саналаа оруулсан байгаа. Гэвч миний төсөвд суулгасан ажлуудаас хэд нь хасагдаж, хэд нь дэмжигдэхийг сайн мэдэхгүй байна. Ер нь яагаад ч юм, манай аймагт бусад аймгаас харьцангуй бага төсөв хуваарилагддаг ш дээ.
- Тийм үү. Тэгвэл та гурав жаахан тааруухан ажиллаад, төсвийнхөө араас сайн хөөцөлдөхгүй байгаа юм биш үү?
Тийм байж магад. Гэхдээ бид гурав их сайн хамтарч ажилладаг ш дээ. Нэг нь Ардчилсан намын гишүүн хэдий ч бид улс орон, ард түмний төлөөх шийдвэрт нэгдмэл байр суурьтай явж ирсэн.
Би өөрөө А.Гылымханыг Засаг дарга болгосон хүн ш дээ
- Та УИХ-ын болсоноос хойш тойрогтоо хэдэн удаа очиж ажиллав?
Цаг зав гарвал аль болох л явдаг. Намын дарга учраас хагас бүтэн сайн болгоноор шахам очно. Бас намын даргын хувиар зөвхөн өөрийнхөө тойрогт гэлтгүй аймгийнхаа 12 сумыг байнга тойрч байгаа.
- Танай аймаг бол Монгол улсын хамгийн алслагдсан аймаг. Алслагдсан аймагт тулгамдсан асуудал, бэрхшээл багагүй байдаг байх…
Байлгүй яах вэ. Захын жишээ дурдахад, Улаанбаатараас очиж буй ачаа тээврийн зардлаа шингээгээд багаар бодоход 200-300 ихдээ 1000 болж нэмэгддэг. Хэдийгээр цаашаа Орос, Хятадын хилтэй ойрхон ч хүмүүс эх орынхоо бүтээгдэхүүнийг авахыг чухалчилдаг. Түүнээс гадна бидэнд алсын буюу Баруун бүсийн нэмэгдэл гэж өгдөггүй. Хэрвээ үүнийг олгодог болчихвол хүмүүс заавал Улаанбаатар луу ирж амьдрах гэж зүтгэхгүй шүү дээ.
- Хөдөөний тойргоос сонгогдсон гишүүн орон нутагтаа ажил явуулахад хамгийн их түлхэц болох хүн бол аймгийн засаг дарга. Гэтэл таныг аймгийнхаа Засаг даргатай таарамж муутай байдгаас гадна огцруулах гэж хэд хэдэн удаа оролдсон гэх яриа гарсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
Яалаа гэж би А.Гылымханыг огцруулах юм. Бид хоёр чинь нэг намын гишүүд. Тэгээд ч манай нам ялалт байгуулсанаар А.Гылымхан засаг дарга болсон. Өөрөөр хэлбэл би намын даргын хувиар түүнийг засаг дарга болгосон гэж ойлгож болно. Тийм байтал би өөрийнхөө хүнийг огцруулах гээд явах уу. Би тэр хүн ганцхан л шаардлага тавьдаг. Хамаатан садангаа битгий ажилд аваад бай гэж. “Чиний ажилд авсан хүмүүс чинь чадварлаг, мэргэжлийн, хүний төлөө ажилладаг хүн байх ёстой. Тэр цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн манаач, үйлчлэгч, тогооч гэх мэтийн хүмүүсээ ажилд авах эрхийг нь захиралд нь өг. Өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулахын тулд битгий гарын үсгээ өгөөд бай” л гэж хэлсэн. Мэдээж үнэхээр мэдлэг, чадвартай, ажил сайн хийдэг хүн байвал тэр даргын хамаатан садан байх нь хамаагүй шүү дээ.
- Тэгвэл таны ярианаас А.Гылымхан дарга өөрийн төрөл садангаа ажилд аваад байгаа нь үнэн юм байна гэж дүгнэж болох нээ дээ. Өөрийн төрсөн дүү А.Ахылбекийг Дэлүүн сумын Засаг даргаар томилсон гэх мэдээлэл гараад байгаа нь үнэн гэж ойлгож болох уу?
А.Ахылбек А.Гылымханы төрсөн дүү мөн боловч түүнийг Засаг дарга болохоос өмнө 2012 онд Дэлүүн сумын Засаг даргаар томилогдсон хүн. Тэр хүнийг Засаг дарга болгосон хүн чинь А.Гылымхан биш. Түүнийг Дэлүүн сумаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид сонгоод дээрээс нь АТГ-аас ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй гэж батлаад сонгогдсон. Тэгэхээр тэр хүн бол жинхэнэ өөрийн чадлаараа Засаг дарга хийж байгаа хүн.
- Үгүй ээ, тэгвэл та чинь бараг А.Гылымхан даргын талд байдаг юм биш үү. Нээрээ таныг бас өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулахын тулд А.Гылымхан даргыг огцруулах гээд Баян-Өлгий аймгийг “самарч” байна гэх мэдээлэл гарсан байсан…
Тийм мэдээлэл гарсан байсан. Тэр бол ор үндэсгүй мэдээлэл. Хэд хэдэн хүний нэрийг дурдсан байна лээ. Тэднээс зарим нь надтай ямар ч ураг төрлийн холбоогүй хүмүүс. Нэг нь харин миний үеэл дүү нь үнэн. Гэхдээ тэр бол өөрийнхөө л хүч чадлаар шалгалт өгөөд тэнцээд ажлаа хийж байгаа. Үнэхээр чадвартай, ажлаа хийсэн шиг хийгээд явж байгаа хүнд бол хэлэх үг байхгүй биз дээ. Баян-Өлгийг бол би байтугай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч самарч чадахгүй. Яагаад гэвэл тэр Засаг даргын ажлыг чинь ард түмэн дүгнэдэг юм. Ард түмнээс сонгогдсон Иргэдийн хурал гэж бий. Тэд Засаг даргаа байлгах уу, байлгахгүй юу гэдгээ шийддэг болохоос биш мань мэт бол дүн тавьж, огцруулдаг эрх мэдэлтэй хүмүүс биш л дээ. Яах вэ, би намын даргын хувьд А.Гылымханд “Хамаатан садангаа ажилд оруулдаг аа болиорой нөхөр минь. Наад асуудал чинь хэрээс хэтэрч байна шүү” гэж ярьсан удаа бий. Гэхдээ тогоон дотроо л ярьж, шаардлага тавьснаас биш өөр намын нөхдүүдтэй нийлээд олон долоон юм ярьж явсан удаагүй. Чи бодоод үз дээ. Би энд байгаа хүн долоохон хоногийн дотор баахан хүн цуглуулаад хаа холын Баян-Өлгийд очоод “самарч” чадах уу. Би л хувьдаа тэгэж чадахгүй. Хэд хоногийн өмнө л гэхэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаад өнгөрсөн 9-нд ээлжит бус чуулган зарласан гэсэн бичиг надад ирүүлсэн байсан. Би тэр хурлаар юу хэлэлцэх талаар тодруулахад “А.Гылымханы асуудлыг хэлэлцэнэ” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би А.Гылымханд “За чи чуулганы бэлтгэлээ сайн хийгээрэй, хийсэн ажлаа сайн тайлагнаарай” гэж хэлсэн. Ийм хандлагатай хүн огцруулах гээд явах уу, та нэг бодоод үзээрэй.
- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа…