Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Жэймс Андерсон БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүсээд, Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (MINIS) төслийн үйл ажиллагаа явцын талаар мэдээлэл өглөө. Харин БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон төрлийн туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхайг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй MINIS-ийн үйл ажиллагааг 20 сараар сунгахаар болсонд талархал илэрхийлээд, тус төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Гүний усны менежментийг бэхжүүлэх” нь байгаль орчинд чухал ач холбогдолтой тул БОАЖЯ–ны үүрэг оролцоог сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн яамтай дүйцэхүйц байдлаар нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын хөгжилд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд Дэлхийн банкны зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2017 оны 11-р сарын 10 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )