Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц

2017 оны 11-р сарын 10 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Odontsetseg

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй цэвэршилт, эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа.

-Цэвэршилт хүн бүхэнд тулгардаг жам ёсны зүйл гэдгийг мэддэг ч энэ нь яагаад, яаж явагддаг, ямар учиртай физиологийн үйл ажиллагаа болохыг төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс цэвэршилт гэж юу болох талаар яриагаа эхлэе?
-Цэвэршилт гэдэг нь тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаатай уялдаж эмэгтэй хүний бие махбодод явагддаг бодисын солилцооны үйл явц. Хүний биеийн долоон тамир буюу тунгалаг болох идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал нь хүний бие эхийн хэвлийд тогтохоос эхлээд үүсч, боловсорч төлжсөөр дунджаар 12 нас хүрэхэд эцсийн тунгалаг болох дусал нь боловсорч гүйцсэнээр сарын тэмдэг гадагшилж эхэлдэг. Ийнхүү долоон тунгалаг нь бүрэн гүйцэд боловсорч байгаад эмэгтэй хүнд 50 нас хүрэхэд долоон тунгалгийн боловсролт нь буурч сүүлийн тунгалгаасаа доройтож эхэлдэг. Үүний улмаас сарын тэмдгийн боловсролтын хүч буурснаар цэвэршилт явагддаг. Энэхүү цэвэрших үйл явц нь хүний бие дэх галын илч болон уруу арилгагч хийн үйлдэл аажмаар хураагдаж, доройтсоны улмаас эцсийн тунгалгийн цөв болох сарын тэмдгийг бүрэн гүйцэд боловсруулах хүч нь барагдаж буй жам ёсны үзэгдэл юм.
-Дөнгөж 40 хүрээд цэвэршсэн хүмүүс байдаг шүү дээ. Цэвэршилт нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж эрт, орой явагдах тохиолдол бий юу. Эрт цэвэршилтийн талаар юу хэлэх вэ?
-50 насанд цэвэршилт эхэлнэ. 35-38 настай эмэгтэйчүүд, дөнгөж 40 гарсан хүмүүс цэвэршиж байгаа нь бодисын солилцооны алдагдалд орсон байна гэсэн үг. Сүүлийн үед эмэгтэйчүүдэд цэвэршилт эрт явагдаад байгаа нь эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх өвчнөөс үүдэлтэй. Эрт цэвэршилт бол эмгэг үйл явц. Тиймээс сарын тэмдгийн хэмжээ багасаж байгаа тохиолдолд шууд л эмчид хандах хэрэгтэй. Ер нь 6 сараас доош хугацаанд сарын тэмдэг нь үзэгдээгүй, ирээгүй тохиолдолд эмчилгээ хийхэд үр дүн гарна. Харин 6 сараас дээш болсон тохиолдолд эмчилгээ авахдаа бэрхшээлтэй болдог. 35, 36 настай зарим эмэгтэйчүүд эрт цэвэршиж байна гээд тоохгүй явсанаар сарын тэмдэг дахиж ирэхгүй бүрэн цэвэршилт болсон тохиолдол байна. 50-аас доош насны эмэгтэйчүүд байгалийн жам ёсоор сарын тэмдэг гадагшилж байх ёстой, хэрэв гадагшлахгүй бол эмгэг гэж ойлгох нь зүйтэй.
-Ямар тохиолдолд сарын тэмдэг алдагдах вэ. Сарын тэмдэг алдагдсанаар биед ямар өөрчлөлт гарч, эрсдэл дагуулах вэ. Уламжлалтаар үүнийг хэрхэн эмчилдэг бол?
-Эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчинтэй холбоотойгоор сарын тэмдэг алдагддаг. Хий бүрэлдсэн өвчний үед уруу арилгагч хийн гүйдэл дээш буруудсанаар амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч гээд бусад хийн гүйдэлд нөлөөлж, хийн судсаар дамжаад уушги, зүрх, элэг, дэлүү, цөс, бөөр, гэдэс, хөх, толгой, яс, ходоод зэрэг судлын 16 төрлийн өвчнийг үүсгэдэг. Хий бүрэлдсэн өвчний ерөнхий шинж нь байнгын хийн хямралтай явна, зүрхэнд нөлөөлснөөр сэтгэл долгисоно, зүрх дэлсэнэ, амин судас, хийн гол судсанд нөлөөлсөнөөр толгой эргэнэ, өвдөнө, чих шуугина, дүлийрнэ, сэтгэл санааны өөрчлөлттэй явахаас гадна бамбай булчирхайнд их нөлөөлдөг. Тиймээс эрт цэвэршилт гэж андуурч, сарын тэмдгийн алдагдлыг тоохгүй явж болохгүй. Эмчид хандаж хийн үйл ажиллагаа, тунгалаг цөвийн боловсролтын үйл ажиллагааг дэмжихээс гадна хий бүрэлдсэн өвчнийг эмчлэх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд хий гэсэн ойлголт, онош, эмчилгээ нь байдаг учраас үүнийг уламжлалт анагаахын аргаар эмчлэхэд илүү үр дүнтэй байдаг.
-Төрсөний дараа сарын тэмдэг үзэгдэхээ болих хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хэдий хугацаанд үзэгдэхгүй байх нь хэвийн гэж үзэх вэ?
-Төрсний дараа хөхүүл эхчүүдэд сүү боловсорч байгаа учраас сарын тэмдэг боловсрох нөхцөл багасна. Ихэнх тохиолдолд хүүхэд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байгаа үед хөхүүл эхчүүдийн сарын тэмдэг ирэхгүй байхыг хэвийн гэж үзнэ. Дунджаар 8-9 сар сарын тэмдэг үзэгдэхгүй байвал хэвийн гэж үзнэ.
-Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Уруу арилгагч хийн үйлдэл доройтож байгаагаас цэвэршилт явагдаж байгаа учраас энэ хийтэй холбоотойгоор дээшээ хөөрч, толгой эргэж, зүрх дэлсэнэ. Сэтгэл, оюун ухаан хийтэй холбоотой учраас сэтгэл санаанд өөрчлөлт орно. Бодисын солилцооны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, галын илч муудан, үүнээс шалтгаалж хөл, гар хөрж, даардаг болно. Цэвэршилт нь хэвийн үзэгдэл мэт боловч үүнээс урьдчилан сэргийлж хийн гүйдлийг тэгшитгэх, бодисын солилцоог дэмжих эм тан ууж, эмчилгээ хийлгэвэл ямар нэгэн зовиур шаналгаа багатайгаар туулах боломжтой. Хүмүүс цэвэршилтийн дараа өндгөвч, умайн үйл ажиллагааг зогссон гэж үздэг. Энэ нь маш буруу. Цэвэршилтийн насанд тунгалаг, цөвийн боловсролт болон хийн үйл ажиллагаа доройтдог боловч өндгөвч, умай тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тиймээс хүний бие амьдарч байх бүх хугацаанд энэ эрхтэн бодисын солилцоо болон хийн гүйдэлд оролцож, тодорхой хувиар үйл ажиллагаатай, хэрэгтэй эрхтэн байсаар байдаг.
-Цэвэршилтийг удаашруулах боломж бий юу?
-Энэ бол байгалийн жам учраас цэвэрших цагтаа л цэвэршинэ. Удаашруулна гээд байгалийн жамыг хүчээр барих ёсгүй. “Намрын сүүлийг таслах бороо” орсны дараа өвөл жамаараа болдогтой адил юм. Хүмүүс цэвэршсэнээр хөгшрөлт явагдана гэж айдаг. Цэвэршилтээс айж, түүнийг удаашруулах эм, бэлдмэл хэрэглэж байхын оронд яаж эрүүл байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бага залуу наснаасаа биедээ анхаарал тавьж, эрүүл байдлаа хадгалж яваа хүмүүсийн тунгалаг, цөвийн боловсролт илүү эрчтэй явагдаж 55 нас хүртэл сарын тэмдэг нь ирэх боломжтой. Харин тунгалгийн боловсролт нь доройтсон байхад зөвхөн сарын тэмдэгт нөлөөлөх эм, бэлдмэл уух нь аливаа өвнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болно. Хий, цус, мэдрэлийн судасны үйл ажиллагаа хэвийн, эд эрхтэн нь бүрэн бүтэн эрүүл, сэтгэл оюун нь ариун, тунгалаг байвал аль ч насанд хөгшрөл доройтлын үйл явц удаан явагдаж, эрч хүчтэй амьдарч чадна.
-Эрт цэвэршилтийн гол шалтгаан нь хий бүрэлдсэн өвчин гэсэн шүү дээ. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Доороос даарч хөрөх, шим тэжээл муутай хоол идэх, үр хөндөлт, төрсний дараа гам алдах зэрэг хүйтэн, ширүүн нөхцлөөр хий бүрэлдсэн өвчин үүсдэг. Тиймээс байнга дулаан явах, бодисын солилцоог сайжруулах, галын илчийг тэтгэх шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх, жирэмслэлтээс сэргийлэх зохистой аргуудыг хэрэглэж хэвшүүлэх, төрсний дараа гам сахиж биеэ тордох гэх мэтээр урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №10 (39)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. badrah
     (43.242.243.***)
    2019/12/03 21:49

    хий өвчиний талаар мэдээлэл , хэрхэн эмчлэх талаар

    (1) (0)