Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орсны улмаас хотын халтиргаа гулгаа, замын түгжрэл, осол, аваар бэртлийн тоо эрс нэмэгджээ. ГССҮТөвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөрт ойролцоогоор 400 гаруй өвчтөн ирж эмчилгээ үйлчилгээ авч байгаагаас 47 хувь нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан байна. Насны хувьд 45-аас дээш насны иргэд зонхилж байгаа бөгөөд гэмтлийн гол онош нь дээд доод мөчдийн хугарал, толгойн гэмтэл эзэлж байна.
ГССҮТөвөөс бэртэл авч гипс тавиулсан иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
- Гэмтлийн эхэн үед мөч хавдаж хавагнах хүндрэл гарч болзошгүй тул та гараа сойж эсвэл хөлийг 20-30 см орчим өндөрт байрлуулна.
- Гипс тавиулсны дараа та гар болон хөлийнхөө хуруунуудыг сайтар ажиглах хэрэгтэй. Хуруунууд хавдах, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
- Эмчийн заавар дагасны дараа таны гар эсвэл хөлд үүссэн хаван бууж гипс сулардаг.
- Хаван гүйцэд буусны дараа битүү гипсэн бэхэлгээ тавигддаг.
- Гипсийг хугацаанаас нь өмнө дур мэдэн богиносгох, авахыг хориглоно.
Иргэн та гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгууллага болон өөрийн хашаа байшингийн ойролцоох цас мөсийг цэвэрлэж иргэний үүргээ биелүүлэхийг ГССҮТөвийн эмч ажилчид уриалж байна.