Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос өнөөдөр “Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сонирхолтой нь уг хэлэлцүүлэгт хэн нэгэн дарга биш зөвхөн мэргэжлийнхэн, зөвхөн шилдгүүд оролцож өөр өөрийн сэтгэлд мэргэжлийн үүднээс буугаад байгаа гарцуудыг хуваалцан ярилцлаа. Уулзалтад НҮБ-ын “НАМА” төслийг төлөөлж Л.Баярмаа, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, Дулаан хангамжийн Зөвлөх инженер Н.Дорж, тус холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх архитектор Г.Мягмар, гүйцэтгэх захирал, Мэргэшсэн архитектор А.Батцэнгэл нарын Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн архитекторууд оролцон хот байгуулалт, ус хангамж, ариутгах татуурга, инженер геологи, цахилгаан хангамж, усны барилга байгууламж гэхчлэн өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр санал бодлоо солилцсон юм.
Тухайлбал, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, Дулаан хангамжийн Зөвлөх инженер Н.Дорж, “Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шаардлага” сэдэвт видео танилцуулга хийсэн. Тэрбээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Ногоон хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэхчлэн цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулсан олон бичиг баримт боловсрууллаа. Үүнд донор байгууллагаас ч их хэмжээний хөрөнгө зарцууллаа. Гэтэл өнөөдөр асуудал хэвээрээ байна. Үүний гол алдаа нь засаглалын хямрал, баталсан төлөвлөгөөгөө мөрддөггүй явдалтай холбоотой” хэмээн ярьсантай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид улстөрчид, эрх баригчид юу ярьж, ямар гарц олж, хэрхэн буруутсаар цаг алдаж буйг нийтээрээ харж байна. Мэргэжлийн хүмүүс нэгдэж ямар гарц олж харж байгаагаа санал болгох цаг ирлээ гэцгээж байсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудаа нэгтгэн Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэхээр болов.