Түүхийн хуудаснаас арчигдсан Октябрийн баяр дурсамж сэргээн бодогдоно

2017 оны 11-р сарын 07 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23414162_1230465707084925_71936896_n

Хэрэв бид өмнөх нийгэмдээ амьдарч байсан бол яг энэ өдөр Октябрийн баярын жагсаалдаа эртлэн явж байгаа даа гэж бодогдоно. Одоогоос 28 жилийн тэртээ монголчууд Октябрийн баярыг сүүлийн удаа тэмдэглэсэн. Одоо ч энэ баяр мартагджээ. Бидний үеийнхэн жил бүр Октябрийн баяраа тэмдэглэж, өвлийн жаврыг үл тоон “ура” хашгиралдан жагсдагсан. Д.Сүхбаатарын талбай  Октябрийн удирдагч В.И.Ленин болон Монгол,Зөвлөлтийн нам төрийн удирдагчдын зураг хөрөг, туг дарцаг, уриа лоозонгоор чимэглэгдсэн нь гоё гэж янзтай.

Бас “Зил”,”Газ”,”УАЗ” машиныг эрээн мяраан зураг лоозонгоор чимэглэж жагсагчдын дунд явуулна. Цагаан хоолойгоор “Октябрийн яруу алдарт ой мандтугай”, “Монгол,Зөвлөлтийн мөнхийн найрамдал мандтугай”, “В.И.Лениний заасан замаар урагшаа” гээд л сүр сүр уриа  цуурайтуулахад жагсагчид дуу нийлүүлэн “ура” хашгиран,барьж яваа улаан дарцаг,хиймэл цэцгээ өндөрт өргөн орилолдоно. Ялангуяа индрийн өмнүүр орж ирэхдээ жагсаалын манлайд яваа толгойлогчийг даган “ура”-гаа улам чанга хашгирна. Индэр дээр зогсож байгаа дарга нар жагсагчдыг явж дуустал гараар даллана. Харин  жагсагчид яг өөр рүү нь даллаж байгаа юм шиг баярлан хөөрнө. Октябрийн баяр гэж нэг ийм тэнгэрлэг баяр байж билээ. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь,нарыг зөвхөн хэвээр үлдээх Октябрь гэх шүлгийн мөрүүдийг хүн бүр цээжээр мэддэг байсан бөгөөд тэр өдөр бүр чангаар уншина. Харин өнөөдөр тэр үед жагсаж явсан хүмүүст Октябрийн социалист их хувьсгалын 100 жилийн ойн мэнд хүргэе. Түүх болон үлдэж дээ,Октябрийн баяр. Он цагийн хуудаснаас арчигдсан энэ өдөр олон хүний сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээгээд одлоо.

23361257_1230465863751576_315256702_n

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх