2016 оны долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн уулзалт болсныг хүн бүр санаж буй. Ази,Европын 43 улсыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон механизм болох Ази-Европын уулзалт (АСЕМ)-д лавтайяа хэдэн жил бэлдсэн. “Бүгдийг фронтод “ гэдэг шиг “Бүгдийг АСЕМ”-д бэлтгэхэд зориулж байлаа. АСЕМ ч болдгоороо болоод өнгөрсөн. Эрхэм зочид баахан хуралдаад, янз янзын зураг хөрөг даруулаад шарсан үхэр хүртэл хувааж идээд буцсан. Идээ будааны элбэг дэлбэгийг эрхэм зочид магтсаар яваа биз. Харин Монголд юу үлдэв. Үүнийг харин хэн ч тоохгүй.
Албаныхны ярьснаар, Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой албан бус үйл явц гэнэ билээ. Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан, Энэтхэг, Япон, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар болон Европын Холбооны гишүүн 27 орон, Европын Комисс гишүүнээр нь ажиллаж нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь болдог юмсанж.
Өнөөдөр Монголд АСЕМ-аас үлдсэн хороолол, 43 автобус байна. Хэдийд ашиглахыг бүү мэд. АСЕМ-ийн уулзалтад зориулж Монгол Улс жилийн өмнө 45 хүний суудалтай 43 автобус худалдаж авсан. БНСУ-ын “Хьюндай” компанид үйдлвэрлэсэн эдгээр автобус 5.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах гэрээ байгуулсан түүхтэй. “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн гэж тухайн үед ярьж байсан. Гэтэл одоо болтол хадгалсаар л байна. Уг нь АСЕМ-ийн дараа 43 автобусыг Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлд ашиглана гэж дарга нар ам бардам амалж байсан. Харин өнөөг хүртэл шинэхэн гоёхон автобусуудыг “таргалуулж алж идэх гэж байгаа мал” шиг яах гээд хав дараад байгаа нь ойлгомжгүй. Сураг сонсвол,ганц хаалгатай болохоор хотын нийтийн тээвэрт явуулахад тохиромжгүй гэнэ. Тэгвэл анхнаас нь хоёр хаалгатай хийлгэхгүй яасан юм бэ. Энэ асуултад хариу өгөх хүнийг хичнээн хайгаад ч олдсонгүй. Учир нь тэр үед гэрээ хийж байсан дарга нар бүгд өөрчлөгдсөн гэх. Хот хоорондын тээвэрт явуулахад тохиромжтой гэдэг боловч хэн шийдвэр гаргах вэ гэхээр бас эзэнгүй. Сүүлийн үед сургуулийн хүүхдийн автобус болгооч гэж хүмүүс шаардах болжээ. Сургуулиудад зохион байгуулалттайгаар өгчихвөл яг тохирно гэлцэх. Улаанбаатар хотын төвд л гэхэд 65 ерөнхий боловсролын сургуулийн хэдэн мянган хүүхэд олны хөлд гишгүүлчих гээд л өдөр бүр нийтийн тээврээр явж буй. Цалингаа нэмүүлэхээс өөр юу ч анзаарах сөхөөгүй багш нарт тэр АСЕМ-ийн автобус,сургуульдаа ирж очих гэж “зовлон” туучиж яваа шавь нар нь падгүй аж. “Аврора” онгоц биш дээ,музейн үзмэр биш дээ АСЕМ-ийн автобусуудыг хөдөлгөөч дээ, хотын мундаг дарга нар аа.
Н.Дөл