“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

2017 оны 10-р сарын 31 өдөр, 15 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d0f324a7daf1d34be946e1768827663e

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.  Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх